ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зөв “полковник”

А.ОДСҮРЭН
2019-09-30

Монгол цагдаагийн хурандаа буруугаа хүлээж, ард түмнээсээ уучлалт гуйж, ажлаа өглөө. Тэр авлига, хээл хахуулиар баяжсан цагдаагийн хурандаа нарын нэг биш. Дам дамаа хүнд түрээслүүлж байсан байранд нь хууль бус тоглоомын газар ажиллаж байсан нь илэрч, Монголын цагдаагийн алба, мөр зэрэгцсэн мөрдэстнүүдийнхээ ажил төрлийн нэр хүндийг сэвтүүлэхгүй гэсэндээ ажлаа өгч, хууль журмынх нь дагуу шалгуулъя гэнэ.

Түүнийг цахим орчин хоёр хоног хангалттай доромжиллоо. Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат ажлын шаардлагаар фэйсбүүк, твиттерт нээлттэй байдаг нэгэн. Цагдаагийнхнаас хоёрхон хүн олон нийтэд нээлттэй ажилладгийн нэг нь Э.Бөхбат, нөгөө нь Б.Баатархүү. Сайн муу мэдээ, сайхан муухай хэргийн үзүүрт энэ хоёрын нэр нүүр олонд гарч, ширлэгдэж л байдаг.

Тангараг өргөсөн “эр цэрэг” гэдэг тийм байдаг. Монголд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, баяжсан цагдаагийн хурандаа нар олон, эрх баригчдын гар хөл болдог нь ч олон. Э.Бөхбатыг танихгүй, уулзаж ч байгаагүй. Гэхдээ түүнийг ард түмнээсээ уучлалт гуйсанд нь, өөрийн хүсэлтээр ажлаа өгсөнд нь баярлаж байна. Төрийн түшээд, сайд дарга нараас ингэсэн нь хэн билээ. Э.Бөхбат ОХУ-д оюутан байхдаа усанд живж буй хүний амь аварч байхдаа өөрөө осолдох шахсан гэдэг.

Монголд замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө цөөн бус аянуудын магнайд тэр байж, зам тээврийн осол зөрчлийн тоо буурч байсныг уншигчид мартаагүй биз. “Ганц хором”, “Яараад яахав дээ” аян одоо “Дураараа биш дүрмээрээ” аянаар үргэлжилж байна. Жолооч нарыг осол аваараас урьдчилан сэргийлэх, анхааруулж сэрэмжлүүлэхэд түүний оролцоо их байсан. Э.Бөхбат өөрөө тоглоомын газар ажиллуулаагүй, хууль бус орлого олоогүй, хуушуур пирошки хийдэг байсан жижигхэн гуанзаа байр болгон тохижуулж, бусдад түрээслүүлээд тав зургаан жил болсон бололтой юм. Тэнд нь хууль бус үйл ажиллагаа явуулж, цагдаагийн хурандаагийн нэр хүндийг шавартай хутгачихлаа. Унасан дээр нь өшиглөдөг муухай монгол хүний зангаар түүнийг дэвслэхээ больё. Хууль сахиулагч хүн хуулийнхаа дагуу л шалгуулъя гэлээ. Зөв байна, Э.Бөхбат аа.