УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн эгч нь тунчиг ааштай эмэгтэй байдаг гэнэ лээ. Хэдэр ёодор зантай, хэл ам нь гүйцэгдэхгүй. Гэтэл нарийн учрыг нь хайгаад үзтэл өндөр боловсролтой учраас ааш гаргадаг байсан гэж гишүүн өөрөө мэдэгдлээ. Эрдэмтэн судлаачид ч энийг нь хүлээн зөвшөөрсөн байх. Тэгэхээр өнөөдрөөс эхлэн бүх эмэгтэйчүүд нэр төрөө сэргээлгэх шаардлагатай болж байна. Ааш гаргасны төлөө гэрийн авгай, ухамсаргүй, арчаагүй гэх мэтээр биднийг ад үздэг байлаа. Гэтэл өндөр боловсролыг маань үл тоож байсныг сая л ойлгож авлаа.
Боловсрол нимгэн, эмэгтэй хүний үс нь урт, ухаан нь богино гэх мэтээр эрт дээр үеэс л биднийг ад шоо үзэж байсан нь ямар ч утгагүй зүйл гэдгийг Ж.Батзандангийн эгч бидэнд нотолж өгөх нь тэр. Тэгэхээр өнөөдрөөс эхлэн ажлын байр, анд найзууд, ар гэр, тэр ч байтугай гудамжинд ч бид аашаа гаргах болно. Автобусны кондуктор эгч билет шалгахдаа хямсалзаад байвал гайхах хэрэггүй шүү. Худалдагч эгч ууртай байвал дуугүй л юмаа худалдаж аваад гар. Тэд өндөр боловсролоо гайхуулж байгаа юм. Наймаачин эгч нартай ч хэрэлдээд барахгүй шүү.
Гудамжинд жолоо барьж яваа бүсгүй бүхэн өнөөдрөөс эхлэн өндөр боловсролоо гайхуулж, илүү бүдүүлэг авираа харуулах болно. Тэд чинь Ж.Батзандангийн эгчтэй яг адилхан өндөр боловсролтой бүсгүй хүмүүс. Гудамжинд тэмцэж байгаа ааштай эгч нарыг өнөөдрөөс эхлэн боловсрол нимгэн, шантаажчин хэмээн дуудваас өндөр боловсролыг нь үл тоосон хэргээр шүүхэд дуудагдах нь байна. Тиймээс төрийн хэмжээнд үүнийг хуулиар хамгаалж, боловсрол өндөртэй хүмүүс ёдор ааштай байдаг гэдгийг хүлээн зөвшөөрмөөр байна. Тэр цагт бид хүссэн газраа хүн доромжилж, увайгүй, ёсзүйгүй үйлдэл гаргаж, тэр ч байтугай дүүгээрээ хамгаалуулан төрийн өндөр албан тушаалд очмоор байх юм. Эрхэм гишүүн Ж.Батзандан та эгчтэйгээ адилхан олон мянган бүсгүйчүүд биднийг хамгаалж, өндөр боловсролыг минь хуулиар хамгаалж өгнө үү, өөр юмгүй дээ.