Сонгууль ойртлоо. Гоё шүү. Үнэгүй чихэр боовноос эхлээд хөөрхөн сайхан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн фотошопоор янзалсан ямар ч өөгүй, сорвигүй, сэвхгүй зурагнуудаар гудамж талбай дүүрээд л. Чихэнд чимэгтэй сайхан үгс сонсогдоод л. Яг л диваажинд оччихсон юм шиг санагддаг үе болохоор тэр. Гүйцэтгэх засаглалын тэргүүн маань хүүхэд, төрийн албан хаагчдад чихэр тарааж, спикер маань дөрвөн сая төгрөгийн үнэтэй гар утсаа хүүхдүүдэд гайхуулангаа сээлфийдээд л. Тэр чихэрнээс хүртэж чадаагүй заримынх нь хохь. Би л байсан бол ёстой алалцаж байгаад ахиухныг авч эгч дүү нартаа тараах байсан юм. Спикер бас тэнэг ээ.
Монголд дөнгөж зарагдаж эхэлж байгаа айфоныг өнгө болгоноос нь авч, гарынхаа салаа болгонд хавчуулж байгаад хэдхэн хүүхэдтэй биш нийт аймгаар нь сээлфийдэхгүй юу. Хоёр намын гол өрсөлдөгч Ху намынхан үнэгүй байр өгнө гэнэ лээ. Үсрээд ганц өрөө байр л өгнө биз. Бас их маркетинг муутай юм. Бүр гурваас дөрвөн өрөө байр, апартмент, пентхаус өгнө гэж томрох хэрэгтэй. Том л сэтгэх хэрэгтэй. “Би л байсан бол энэ Хүрээний муусайн гуйлгачингуудад угаадсыг нь ахиухан өгч байгаад цэмбэ нэхүүлэх байсан юм” гэдэг шиг муусайн сонгогчдын угаадсыг ахиухан амлаж байгаад ар далаар нь цэвэр тавихгүй юу. Гэхдээ л иймэрхүү гоё юм харж, сонсохоор хоёр “циймгэр” маань ухархай дотроо багтахгүй болж байна.
Баярласандаа л тэр байх. Бас жижигхээн хоёр “навч” маань дэлдийж байна. Бахархсандаа л тэр байх. Цээжин доторхи бундан маань аягүй хүчтэй цохилж байна. Догдолсондоо л тэр байх. Сонгууль ойртлоо. Гоё шүү. Цалин, тэтгэвэр нэмэгдэнэ гэнэ. Сургууль цэцэрлэгүүд барина гэнэ. Бүтээн байгуулалтууд яригдана. Үхсэн, сүйрсэн, хүчиндсэн, зодсон, хулгайлсан, луйвардсан гэдэг үнэн мэдээ сонсож байснаас худлаа ч гэсэн гоё мэдээ сонсож байсан нь дээр л дээ. Гэхдээ гоё мэдээ гоё л сонсогдоно. Харин гоё мэдээгээ жаахан чанартай, баавартай хийчихвэл бүр догь.