ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Аав уул

А.ОДСҮРЭН
2019-10-02

Энэ залууг танихгүй, гар барьж ч үзээгүй. Зүгээр кино дэлгэцнээс л харж байсан. “Үргээлэг”, “Бодлын хулгайч” кинонуудад тоглосон гэдгийг нь л мэднэ. Харин хат сайтай эр хүн, охиндоо хайртай аав хүн, ханиараа бахархдаг ухаантай залуу гэж мэдээгүй явж. Бизнес эрхэлдэг залуу сонирхлоороо мотоспорт сонирхдог, экстрим спортод дуртай байгаад хоёр жилийн өмнө осолд орсныг нь сая л мэдлээ.  

Орноосоо ч өндийж чадахгүй, насаараа хэвтэрт байна гэсэн мэс заслын солонгос эмчийн үгээр биш эхнэрийнхээ хайранд итгэж тэр хөл дээрээ босчээ. Агуу их тэвчээр, агуу их хайр. Ийм гэмтэл, ийм мэс заслын дараа орноосоо өндийсөн хүн байхгүй гэсэн эмчийн үг, эхнэрийнх нь хайр халамж түүнийг орноос нь өндийлгөх бүү хэл, тэргэнцэр дээр суулгаж, бас хоёр хөл дээр нь өндийлгөж чаджээ. 

“Намайг өргөж босгох хүч бол хайр л байсан. Миний урагш тэмүүлэх хүч бол хайр л байсан. Би аав хүн. Би охиноо хуримд нь хөтлөөд нөхөрт нь хүргэж өгөх ёстой аав хүн. Би хань хүн. Би азтай эр хүн. Би дэлхийн хамгийн сайхан эмэгтэйг эхнэрээ болгосон. Нүднийх нь галыг бөхөөхгүй, нүүрэнд нь үрчлээ суулгахгүй, анх гэрлэснээсээ илүү сайхан байлгах үүрэгтэй би нөхөр хүн. Би үхэлтэй тэмцээд ч болов амьдарна. Би эцсээ хүртэл тэмцэнэ.

Амьдрах, амьдрахдаа чанартай амьдарна. Бусдад, урам өгч зорилготой амьдарна. Хийж, бүтээж, зорьсноо биелүүлж амьдарна. Өөрийнхөө төлөө, хайртай хүмүүсийнхээ төлөө, эрүүл мэндээ даатгуулж, дархлаатай амьдарцгаая. Би зорьсон зорилгодоо хүрэхэд ойртож байгаа”  гэж энэ залуу олонд хандаж хэлсэн байна. Ямар мундаг залуу юм, яасан ч ухаантай хань юм. Ийм сэтгэлтэй, сэтгэлгээтэй залуус улам улам олон болох болтугай. Ийм ханьтай гэргий, ийм аавтай охинд нь, ийм хүүтэй аавд нь аз жаргал хүсье. Чи босч чадна аа, залуу минь.  Монгол эр хүн, аав уул гэж ийм л байдаг даа.