ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Торгууллаа гэж бүү гутар, төсөвт та хувь нэмэр оруулж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-02

Далайд дусал нэмэр гэгчээр “сархад” хүртсэн жолооч нар  улсын төсөв, мөнгөний тодорхой хувийг төрийн санд төвлөрүүлдэг  талаарх Монголын үндэсний телевизээр гарсан  мэдээллийг  нэгэн иргэн фэйсбүүк хуудсандаа оруулжээ. Тэрбээр бичихдээ, “2019 оны наймдугаар сарын байдлаар согтуу жолооч нар улсад 8.847.600.000 төгрөг төвлөрүүлжээ. Баяр хүргье”  гэж. Энэ үнэхээр үнэн бол овоо доо. Нийгмийн даатгал, татварын мөнгөөр төсвийн байгууллагын ажилчдын цалин, ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг залгуулдаг манай улсын хувьд нэмэртэй мөнгө шүү. Их нэмэр болно.

Архи ууж, согтуугаар машин барих нь ч хаашаа юм.  Гэхдээ л “Ц” л бол “Ц” гэдэг шиг торгууль бол торгууль шүү дээ. Улс орны төсөв мөнгө хүрэлцэхгүй байхад жирийн бид торгуулиад ч болтугай хувь нэмэр оруулъя байз. Торгуулийг эерэгээр хүлээж авсан ч яадаг юм ер нь.  Хаашдаа л хазгай гишгэхэд торгууль төлдөг нийгэмд  амьдарч байгаа юм хойно. Жирийн иргэд торгууллаа гээд  биднийгээ харж үзэх биш, төлөх ёстойгоо төлөөд л өнгөрнө. Харин  томчууд нь торгууль, томоохон өр төлбөрөө улсын мөнгөөр цайруулаад л байдаг юм билээ. Болно доо болно.

Согтуу жолоочийн торгуулийн мөнгө ч байна уу,  бидний буруу,  хазгай үйлдийн торгууль ч байна уу хамаагүй. Тэднийхээ өр ширийг дарсан ч яахав. Тэгээд ч хүрнэ гэвэл “ядарсан” төсвийнхний цалин хангамжийг нэмье. Сургууль, цэцэрлэгийн  хүүхдийн хоолны мөнгийг ч нэмье. Эмнэлгүүдэд дутагддаг эм тариа, тоног төхөөрөмжийг нь ч авч өгье. Хаа хаанаа нэмэртэй.