Сангийн яамны газрын даргаар ганцхан жил ажиллаад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албанд очсон ёндоотой нэгэн бол З.Мэндсайхан. Ийнхүү гэрлийн хурдаар өндөр албан тушаал хаших болсон “ёндоо” З.Мэндсайханы албан тушаалын од дахиад л гийж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар томилогджээ.
Хувийн бизнесээс гараагаа эхэлсэн эдийн засагч түүнийг эрчим хүчний салбарт томилогдоход салбарынхан төдийлөн таатай хүлээж аваагүй гэдэг. Энэ удаад ч түүний томилгоог хүмүүс тийм ч таатай хүлээж аваагүй бололтой. “Морь ярьсан, хөлдүү толгой. Худлаа ярьсаар ажил унагаад сурчихсан. Ховдын улстөрчийн шахаа” гэх мэтээр түүний томилгоог эсэргүүцсэн сэтгэгдэл цахим орчноор дүүрчээ. Тэр бүү хэл нэгэн цагт хамт суралцаж байсан гэх нэгэн иргэн “Санхүүгийн техникумыг эчнээгээр чүй ай дүүргэсэн, мэдлэг боловсрол нимгэн” хэмээн тодорхойлсон байх юм.
Ямартай ч намтрыг нь харахад төрд ажилласан мэдлэг, туршлагын хувьд гологдохооргүй баймаар. Тэрбээр намтартаа “1996-2001 онд СЭЗДС-ийг Эдийн засагч, бизнес судлаач мэргэжлээр төгсч, 2006-2008 онд Удирдлагын академид Удирдахуйн ухааны магистр хамгаалсан” тухай өгүүлжээ.
Сургууль төгссөн даруйдаа хувийн бизнесээ эрхлүүлсэн бөгөөд 2015 онд төрийн алба тодруулбал, Сангийн яаманд Төсвийн хөрөнгө оруулалтын газрын даргаар томилогдож ажилласан байна. Үүнээс өөрөөр бол улс төрд мөргүй, нэргүй явсан түүнийг албан тушаалын одтой залуу гэхээс өөр юу гэж нэрлэх билээ. Олны салхинаас сонсоход нэгэн цагт Хууль зүйн сайдын албыг хашин явсан эрхмийн хүн гэх аж. Албан тушаалын тэнгэртэй, ёндоо З.Мэндсайхан даргын ур чадварыг харах л үлдлээ. Дашрамд дуулгахад, ёндоотой дарга төрийн албанд дөрвөн жил ажилласан хүн гэнэ лээ.