ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хэн хэнийх нь зөв, хэрүүлээ зодоон болго

А.ОДСҮРЭН
2019-10-07

Өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр хоёр том намын “дарга” соошлоор “зодолдов”. Худал үгийг мянга давтвал үнэн болдог нам /ХҮМДҮБН/-ын дарга гэх улаан хацартай хөөрхөн бор хүү, Ху намын хурган даргыг “Дайраад ирэхийн давсаг байна уу, гүйгээд ирэхийн гүзээ байна уу” гэж хоргоож, нөгөөх нь ч “Дайралцвал дайралцъя даалин хөөргөө тавилцъя, Хэлэлцвэл хэлэлцье, хэт хутгаа тавилцъя” гэлээ. Хамаг юм хар муу сонгуулиас л болсон хэрэг.

“Монголын иргэдийг толгой дараалан орон сууцанд оруулна, ямар ч хүүгүй байрны зээл олгоно. Энэ бол попролт биш” гэж соошл мэдэгдэл хийгээд үүнийг эсэргүүцсэн тэр муу жаалыг халз тулаанд дуудаж л дээ. Ёстой гоё. Өнөөх жаал нь ч бас тийм мундаг эр биш л дээ. Байнга л хэн нэгнийг халз мэтгэлцээнд дууддаг зуршилтай ч хэн ч тэрэнтэй тоож мэтгэлцдэггүй нь гомдмоор. Цэвэр тавиулна, ялагдана гэж айцгаадаг байх л даа. Орон нутгаар явж сум баг сургуулиудаар явж илтгэл тавьсаар байгаад хэл яриа нь хачин их хөгжчихсөн, буруу зөвгүй бурдаг амьтан учраас “алуулж” мэднэ гэж болгоомжилдог биз. Ху намын дарга ч яахав, хуулиар номын дуу сонссон, тэгээд ч ХҮМДҮБН-ыг бодвол өндөр настай намд дарга хийдэг болохоор зоригтойгоор “чаддаг юм бол мэтгэлцье” гэчихлээ.

Энэ хоёрын “халз тулаан” харин ах намын телевизэд болох юм болов уу, дүү намын телевиз дээр болох юм болов уу. Орон даяар шууд нэвтрүүлэх болов уу яах бол. Ах намын ТВ бол агаарынх болохоор асуудалгүй орон даяар цацагдана. Дүү намынх бол кабелийнх учраас барагтай л бол хүн үзэхгүй. Ер нь бол хоёулангийнх нь зөв. Нэг нь ард иргэдээ бодож бүгдийг нь паартай байшинд амьдруулж, таван ханат гэр, хашаа байшингаас нь салгана гэж байна. Сайхан хэрэг. Нөгөө нь худлаа битгий хуураад байгаарай, үнэхээр чадах юм бол тайлбарлаад аль гэж байна. Тэгэхээр Монголын үзэгчид хоёр хүний хэрүүлээс хожчих ч юм бил үү, хэн мэдлээ. Хэн хэнийх нь зөв, хэрүүлээ зодоон болго гэж өдөөж байгаад дундаас нь байр шүүрчих юм биш байгаа даа.