Дорнод аймгийн Сэргэлэн суманд хоёр настай охин сураггүй болоод долоо хонож байна. Охиныг аймгийн Онцгой байдал, цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхнээс нэгдсэн баг эрэн хайж байсан бөгөөд эрлийг өчигдөр 19.00 цагт гэр бүлийнх нь хүсэлтээр зогсоосон байна.
Эрлийг 10 километрийн радиуст зургаа хоног үргэлжлүүлсэн ч тодорхой үр дүн гараагүй аж. Хоёр настай охин ээж, эгч, дүү нарынхаа хамт мал хариулж явсан бөгөөд ээж нь дүүг нь авч, уул өөд гарсан хойгуур охиныг харж үлдсэн эгч нь ээжийнхээ араас дүүгээ үлдээгээд явсан байна. Тэд охиныг авахаар эргэн ирсэн ч охин үлдсэн газраа байгаагүй гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгчээ. Тухайн газар нь уулархаг, хад чулуу ихтэй газар бөгөөд ар гэрийнхэн болон нутгийн иргэд охиныг тас шувуу шүүрсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм байна.