ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Муужгайтай, музейтэй, угаартай “амарсан” нь

А.ОДСҮРЭН
2019-10-08

Үхэл нь ирсэн хулгана муурын сүүлээр оролдоно гэдэг үг байдаг ч одоо цагт үхэл нь ирсэн муур хулганын сүүлээр тоглодог болж дээ. АТГ хулгайч луйварчинг барилаа, тавилаа. Хулгай луйвар хийсэн муужгайнууд Монголын шүүх, цагдаагийнханд томдчихоод байна. Гурав хоногийн өмнө УБТЗ-ын Дотоод хяналт, аудитын газрын дарга Ж.Пунцагийг барилаа гэсэн. Хоёр хоногийн өмнө тавилаа л гэнэ. С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг ч барьсан, тавьсан. Том муужгайнууд аргагүй том л байдаг юм байна.

Ж.Пунцаг гэдэг залууг хүмүүс тэр бүр мэдэхгүй, танихгүй. Гэхдээ АТГ барилаа гээд мэдээлэнгүүт цахим ертөнцөөр түүний МАН-ын том ах нартайгаа авахуулсан патиараар хэд хоног бөмбөгдөхөд л хулганын хавхнаас мулт үсрээд гараад ирж байгаа юм. Үүнтэй адил үйл явдал өдөр бүр Монголыг чимж, монголчуудыг ярих юмтай, маргалдах муудалцах талцах сэдэвтэй болгочихож дөнгөөд л байгаа юм даа.

Утаагүй түлш угаартуулаад хэд хэдэн хүний амь нас, эрүүл мэндийг хохироочихлоо. Хариуцлага хүлээх эзэн нь тодорхой. Тэрийг авч түлсэн, түлэхдээ буруу түлсэн гэр хорооллынхны хохь гэж дарга нар даапаалж, амралтын  хоёр хоногийг амны зугаатай сайхан л өнгөрөөлөө. Дээр нь бас П.Гэндэн гуайн гэр музейг буулгалаа, нураалаа гэж сэвлээ. Харахад нурааж л байгаа юм чинь цуурахаас яахав. Гаднаа “сэргээн засна” гээд самбар хадаагүй учраас нурааж байгаагаар л харна. Мэдээж харснаа л бичнэ, муулна. Бидэнд хийх ажил олдохгүй байгаа юм чинь муулаад л сууж байхаас яахав. Ажилгүйдэл, ядуурал нэмэгдээд байна гэж статистик тооцоо гараад байх юм.

Энэ ёстой худлаа шүү. Зураг авч, сэдэв олж цуурч байна гэдэг ажил хийж байна гэсэн үг.  Хотын баруун хэсэгт крипто уурхай ажиллаж байна гэнэ. Баянхошууныхныг газар доогуур нь малтаад биткойн олборлоод эхэлсэн, маш их ашигтай байгаа тухай мэдээллээ. Одоо Баянхошууны гэр хорооллынхон хэзээ мөдгүй цөмрөх гэж байгаа юм байх.  Крипто уурхай гэдгийг ойлгоогүй сэтгүүлчийг нь давхар яллалаа.

Энэ мэт дуулиан шуугиан монголчуудыг ажилтай, заримыг нь орлоготой байлгаж чадаж байна. Ажилгүйдэл гаараагүй, амралтын өдөр л цөөдөөд байна. Хоёрхон хоногийн амралт энэ их сэдвүүдийг сэвэхэд төр засаг анхаарлаа хандуулбал зохилтой. Хагас дутуу сэвэхээр ажлаа дутуу хийсэн юм шиг санагдаад эвгүй юм. Нэг сэдвийг өдөрт нь сэвж болоод байдаг байсан. Одоо нэг өдөрт хоёроос гурван сэдэв гарч ирээд байхад амралтын хоногийг минь сунгаад өг. Цуураад цуулаад өгье. Тэртэй тэргүй миний эх орон сэдвийн эх орон билээ.