УИХ-ын гишүүд хийх ажилгүй, жингүйдээд, гиюүрээд явж байх нь хөөрхөн ч юм уу. Тэдний байгаа байдал нь амар амгалан болчихсон ч юм шиг. Улс орны аж амьдрал огтхон ч хамааралгүй аятай алхаж яваа харагдана. Зарим нь өөрийгөө гишүүн гэдгийг ч мартчихсан бололтой шүү. Төрийн ордон анх удаа ийм нам гүм байдалтай байхыг хараад гайхав. Өдийд юун гиюүрэх вэ, ёстой л бужигнаж байдаг үе. Бүх танхим хуралтай.
Заримдаа гишүүдийн хурлын цаг давхацчихсан хоногийн 24 цаг ч хүрэлцэхгүй байна гэсээр яарч явах нь олон. Тэр дундаа УИХ-ын чуулганы хуралдаантай үеэр хийх ажил, хэлэх үггүй байна гэхээр л гайхаш төрөөд байх юм. Өнгөрөгч баасан гарагт УИХ-ын намрын чуулган хуралдахтай зэрэгцээд Төрийн ордон орлоо. УИХ-ын гишүүдээс ирэх оны төсөв, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэх мэт цаг үеийн асуудлаар ярилцлага авах санаатай хэд, хэдэн хүний өрөөгөөр оров. Гэхдээ гишүүн гэсэн хүн бүрийн хаалгыг татсангүй.
Зөвхөн төсөв, мөнгөний бодлого болоод Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар олон нийтэд зөв мэдээлэл, байр суурь илэрхийлчих, нэр хүнд сайтай, попордоггүй хэдийнхээ хаалгыг татсан хэрэг. Гэтэл бүгд л ижил хариулт өгч байна. Гишүүд “Төсвийн тухай хуультай танилцаж амжаагүй. Сайтар судалж, үзэх шаардлагатай. Үндсэн хуулийн талаар юу ярихаа мэдэхгүй байна. Батлагдах үгүйг ч хэлж мэдэхгүй. Гуравдугаар хэлэлцүүлэгт оруулах байх. Хуулийн төсөл задарна, задрахгүй гээд байгаа. Цаашид хэрхэхийг хэлж мэдэхгүй. Бид хэлэх үггүй сууна” гээд толгой сэгсэрч байх юм. Хэн ч дуугарахгүй, ярихгүй, попрохгүй болохоор харах нүд, сонсох чихэнд сайхан юм аа, заримдаа.