Цаг уурын байгууллагаас 2019 оны аравдугаар сарын 20-ны өдөр хүртэлх урьдчилсан төлөв байдлыг олон нийтэд хүргэж байна. Тус мэдээнд дурдсанаар сарын сүүлээр, уулаараа цас орж, сэрүүсч, салхи шуургатай байх аж. Ойрын өдрүүдийн төлөв болон ирэх өвөл цаг агаар ямар байх талаар Цаг уур орчны шинжилгээний газрын Цаг уурч Х.Ахмет-Алигаас тодрууллаа.
-Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг өгөөч?
-Аравдугаар сарын 18-аас эхлэн хүйтэрч баруун аймгуудын нутгаар, 19-нд нутгийн төв хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутаг, уулархаг нутгаар хур тунадас, нойтон цас орох төлөвтэй байгаа. Энэ үеэр агаарын температур хүйтрэхээс гадна салхи шуурна. Ялангуяа 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд нутгийн баруун хагаст, 19-нд ихэнхи нутгаар салхи 15-17 метр секунт хүрч ширүүсэн, шороон болон цасан шуурга шуурах төлөвтэйг иргэд, олон нийт анхаараарай. Гэхдээ өнөө, маргаашдаа цаг агаар тогтуун байна.
-Агаарын температур хэдэн хэм хүрч хүйтрэхээр байна вэ?
-Энэ сарын 15-19-ны өдөр хүртэл уулархаг нутаг болон томоохон голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэмийн хүйтэн байх бол өдөртөө 5-10 хэмийн дулаан байх нь. Алтайн өвөр, говийн бүс нутгийн өмнө талаар шөнөдөө нэг хэмийн хүйтнээс дөрвөн хэмийн дулаантай. Харин өдөртөө 22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэмийн хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан байх төлөвтэй байгаа юм. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна гэсэн урьдчилсан төлөв гарлаа.
-Энэ өвөл олон жилийн дундажтай харьцуулахад хүйтэн байна гэсэн мэдээлэл гарах боллоо. Цаг уурын байгууллагаас албан ёсны мэдээлэл эсвэл ямар нэгэн таамаг гаргасан уу?
-Цаг уур орчны шинжилгээний газраас хүйтний төлвийг гаргахдаа хэвийн жил болно гэж гаргасан. Тиймээс хүйтэрнэ гэсэн асуудал байхгүй. Одоохондоо тийм мэдээлэл гаргаагүй байгаа. Өмнөх жилүүдтэй адил хэвийн байх болов.
-Хур тунадасны тухайд?
-Цаг агаарын төлвөөр өвлийн хугацаанд манай орны нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа. Тодруулбал, Увсын ихэнхи нутаг, Баян-Өлгий, Ховд, Завхан аймгийн хойд хэсгээр цас ахиу хэмжээтэй орно. Бусад нутгаар олон жилийн дундаж орчим хур тунадас орох төлөвтэй байгаа нь Цаг уур орчны шинжилгээний газрын урьдчилсан мэдээллээр ажиглагдсан.
-Малчид ард иргэдэд анхааруулга мэдээлэл өгөөч?
-Ойрын өдрүүдэд буюу аравдугаар сарын 18-аас цаг агаарын температур муудаж, салхи шуургатай, хүйтэн байх учир ард иргэд богино хугацааны цаг агаарын мэдээг байнга харж байгаарай гэж хэлье. Хол замд явахаар бол хувийн бэлтгэлээ сайтар хангахыг иргэд, жолооч нарт анхааруулах нь зүйтэй байх.