ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Төмөр мисс IN MONGOLIA”

А.ОДСҮРЭН
2019-10-18

Нэг тийм нүдэнд дулаахан, цаанаасаа л бурхан захиалж урлуулсан юм уу гэмээр үзэсгэлэн, намба төгөлдөр энэ охиныг “Өдрийн хүн”-ээр онцолъё гэж бодох зуур “Төмөр мисс” гэдэг үг санаанд орж ирэх. 20 гаруйхан настай, эмзэг турьхан охин хүндийг өргөлтийн спортоор хичээллэдгийг нь бодохоор хайрлам, бас атаархам.

Мөнхжанцангийн Анхцэцэгийг өнөөдөр монголчууд андахгүй танина. Дэлхий ч мэддэг болж.  Жил бүр тив, дэлхийн тэмцээнээс медаль гялалзуулсаар ирдэг болсоор хэдэн жилийг элээлээ. Түүнд дахиад олон олон жил Монголынхоо нэрийг дэлхийн спортын түүхэнд гаргах нас, хүсэл зорилго бий. Аав ээжээсээ амттан нэхэж, эрх дураараа тоглож явах арваадхан наснаасаа эхэлж төмөр өргөж, бэлтгэл хийж, өөрийгөө ялсан энэ охинд монгол түмэн яг над шиг хайртай. Дасгалжуулагч нь түүнийг “бурхны бүтээл” гэсэн байдаг бол дэлхийн хүндийг өргөгч бүсгүйчүүд “дийлдэшгүй монгол охин” хэмээн магтсан байдаг.

Нулимстай, бэртэлтэй олон олон жилийн бэлтгэл, уйгагүй дасгал сургуулилт түүнийг ган төмрийн өмнө хэзээ ч өвдөг сөхрөхгүй болгожээ. Өөрийнхөө биеийн жингээс 40, 50 кг илүү хүнд хар төмөр өргөж, тив дэлхийд амжилт гаргаж монгол хүний, монгол бүсгүйн чадал тэнхээ, тэсвэр тэвчээрийг харуулж чадаж байгаа М.Уранцэцэгээр гоёх үүрэг монгол хүн бүрт бий. Шагналын тавцанд эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлж догдлол баярын нулимс унагаж зогсох мөч. Мөөмнөөсөө ч гараагүй бяцхан үрээ гэртээ үлдээж, энгэрээсээ эхийн сүү үнэртүүлэн тэмцээнд оролцох тэр мэдрэмж. Юутай ч зүйрлэшгүй, юугаар ч орлуулшгүй бахархал.  М.Анхцэцэгийг би танихгүй, уулзаж ч байгаагүй.

Гэхдээ л дэлгэцний цаанаас, гэрэл зургийг нь хараад л хайр хүрчихдэг. Телевизээр ярьж байхыг нь сонссон. Ямар ч нэмэр хачиргүй, элдэв маяггүй, яг л байгаагаараа, байгалиараа монгол охин байна гэж омогшсон.  Тэр “Надад гадаад орнуудаас цалин хангамж амладаг ч би эх орноо худалдаагүй. Би мөнгөний төлөө төмөр өргөдөггүй. Эх орныхоо төрийн дууллыг дэлхийн тавцанд эгшиглүүлэх нь миний зорилго. Хамгийн их бахархдаг зүйл маань шагналын тавцнаа “Мөнхжанцангийн Анхцэцэг IN MONGOLIA” гэж дуудуулах. Эх орон хүнд ганц л олдоно” хэмээн чин сэтгэлээсээ хэлж байсан.  Хайр хүрэм “төмөр мисс”-тээ дэлхийн спортын түүхэнд нэрээ мөнхөлж, дархлаарай гэж хүсье.