Хэзээ ч билээ ДОХ-оос бусад бүх өвчнийг анагаах чадвартай нэг залуу сонинд ярилцлага өгөөд, анагаахын салбарыг арай л самарчихаагүй юмдаг. Тэгвэл түүнээс ч илүү эрдэм чадалтай, эдтэн эмч гарч ирсэн сурагтай. Эмч гэж хэлбэл хэтэрхий даруухан тодорхойлсон хэрэгт унаж мэднэ. “Шидтэн” гэвэл онох байх.
Цахим ертөнцөд байрлуулсан зараас нь харахад л ямархуу энгүй чадвартай нэгэн болох нь тодорхой болно. “Архинаас нууц тарнийн аргаар гаргаж байна. Хорт хавдар болон эмчилгээнд үр дүнгүй байгаа өвчнийг эмчилнэ. ДОХ эмчилнэ” гэсэн зар тавьсан байсан. Архинаас гаргах яах вэ, тийм жижиг чадвартай хүмүүс хаа сайгүй л байна. Харин анагаах ухаан эмчилж дийлэхгүй байгаа хорт хавдар, ДОХ эмчилнэ гэдэг бол ёстой л “Мөрөн гол даяар алдаршсан баатар” гэлтэй л байна. Анагаахын салбарынхан ажилгүй болох ч шинжтэй.
Тэр ч бүр яамай. Монгол Улсад ийм ид шидтэй хүн байхад манай төр засгийнхан олж аваад, ил гаргаад, ДОХ-ыг яаж эмчилж байгаа аргыг нь мэдээд, вакцин хийж дэлхий дахинд зараач. Улсаараа баяжчих юм биш үү. Юун эдийн засгийн хямрал. 3.3 сая хүнийг тосонд умбуулж, торгонд хөлбөрүүлэх боломж байна. Дэлхий нийтээрээ ДОХ өвчний эсрэг тэмцэж, эмчлэх арга хайгаад олохгүй аргаа барж сууна. Гэтэл манай улсад ийм агуу чадвартай хүн хаана ч юм “нуугдаад”, зараа хүртэл фэйсбүүкт даруухан гэгч нь оруулж суухад олж аваад, “од” болгох хүн нэг ч алга уу. Мань хүн ч гэсэн жаахан менежмент муутай байна аа. Гялс хэдэн ДОХ-той хүн эмчлээд, түүнийгээ дэлхийд гайхуулах хэрэгтэй шүү дээ. Зар оруулж суухаар.