ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Х.Оргил-Эрдэнэ: Ирэх сарын 1-ээс Дарханы автозамын зарим хэсгийн хөдөлгөөнийг нээнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-21

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 километр замын засварын шинэчлэлтийн ажил зургадугаар сарын 19-нд эхэлсэн билээ. Тэгвэл тус замын засварын ажлын явц ямар байгаа талаар Зам,  тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Оргил-Эрдэнээс тодрууллаа. 

-Улаанбаатар-Дархан чиг­лэлийн замын ажил ямар шатанд байгаа вэ? 

-Улаанбаатар-Дархан чиглэлийн зам засварын ажлыг таван хэсэгт  хуваан гүйцэтгэж байгаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр эгнээ замыг шинэчилж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нэгдүгээр багцад асфальтан хучилт, хоёр болон дөрөвдүгээр багцад   өргөсгөлт хийгдэж байна. Харин гурав болон тавдугаар багцад  цементээр бэхжүүлсэн суурийг хийж байгаа. Эхнээсээ асфальтан хучилтыг хийгээд явж байна. Азийн хөгжлийн банкны  санхүүжилтээр хийж байгаа тул зам засварын ажилд Энэтхэгийн “ICT” компани өдөр бүр хяналт тавьсан. Уг төсөл нэг жилийн хугацаатай үргэлжлэхээр гэрээ байгуулсан. 

-Зорчих хөдөлгөөнийг яг хэзээнээс нээх вэ. Хоёрдугаар багцын ажил бусад хэсгээсээ тааруу хийгдэж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч? 

-Зарим  багцууд нь ажлаа хийж чадаагүй, муу хийсэн.  Тухайлбал хоёр болон дөрөвдүгээр багц хангалтгүй байгаа. Хоёрдугаар багц “Хар модот даваа”-ны араас Урьхан хүртэлх 45.5 км авто зам, дөрөвдүгээр багц Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замын ажлыг авсан. Одоогоор ухсан хоолойнуудаа буцааж дүүргээд, “Өндөр даваа”, “52-ын даваа”, “Хустайн даваа”, “Тахилтын даваа”-ны ажлыг дуусгана. Үүний дараа үндсэн замын хөдөлгөөнийг нээх юм. Зарим хэсэгт нь хуучин асфальтан, заримд нь шинэ асфальтан гэх мэтээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж байж автомашин зорчиж эхэлнэ.  Зөвлөх багтаа ч бид  шаардлага тавиад явж байна. Арваннэгдүгээр сарын 1 гэхэд хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байгаа. 

-Хоёр, дөрөвдүгээр багцын ажил юунаас болж удаашрав?

-Тухайн компанийн зохион байгуулалтаас болж байгаа юм. Манай яамны зүгээс шаардлагатай бичиг баримт,  хүн хүч, карьер  гэх мэт бүх зүйлийг шийдэж өгсөн. 

-Түр замын хөдөлгөөнийг өвөлдөө хязгаарлах талаар мэдээлж байсан шүү дээ?

-Тийм. Түр замын хувьд  дээр дурдсан даваанууд дээр  гацчихаад  байгаа юм. Их засвар,  шинэчлэлийн хүрээнд огцом өгсүүр, эргэлтийг алга болгож хатуу хучилттай замаа нээхгүй бол хүйтний улирал ойртох тусам иргэд түр замаар зорчиход хүндрэлтэй болно. 

-Өнгөрсөн есдүгээр сард энэ замын талаар тодруулахад  ажил авсан болон туслан гүйцэтгэгч компаниуд гэрээний асуудлаас болж зарим ажлаа зогсоосон байсан шүү дээ. Тухайлбал Баруунхараагийн замын ажил зогссон байсан?

-Манай яамнаас туслан гүйцэтгэгчдээс ямар ч гэрээний харилцаа байхгүй. Хятадын компаниуд бид энэ үнээр хийж чадна гэж олон улсын тендерт  орж ирсэн учраас ажлаа хийхийг шаардаж байгаа. Тэд чадна л гэж Улаанбаатар-Дарханы замын ажлыг авсан. Тэдний хувьд нэг жилийн гэрээтэй. Энэ жил удааширсан ч гэрээний хугацаандаа  график төлөвлөгөөгөө биелүүлэх ёстой. Гэхдээ ажл зогсохгүй шүү дээ. Чулуу бутлах, завод угсрах ажил хийгдэх бөгөөд хажууд талын үндсэн биш замуудад  ч ажил  хийгдэнэ.
 

-Бусад тулгамдсан асуудал бий юу?

-Компаниудын өөрсдийн дотоод зохион байгуулалтын асуудал байгаа болохоос бусад асуудал шийдэгдсэн.Санхүүжилтэд асуудал гарвал Азийн хөгжлийн банк руу дүрэм журмын дагуу шаардлагатай бичгийг хянаад явуулна. Яамны зүгээс хийх ажил байхгүй,  компаниудын хийх ажил үлдлээ шүү дээ. 

-Үнэхээр гэрээний хугацаандаа буюу  ирэх жилийн зун Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам ашиглалтад орж чадах уу. 2020 он гараад гол ажил нь хэзээнээс эхлэх вэ? 

-Гэрээт хугацаандаа ажлаа дуусгахгүй бол тухайн компаниуд гэрээний алданги хүлээнэ. Ингэхдээ өдрөөрөө алданги тооцогдоод  явчихдаг. Өвөлжилт хэр байхаас шалтгаалаад хаврын ажил хэзээ эхлэх нь тодорхой болно. Наана нь хэлэх боломжгүй.