Дорноговийн ч юм уу, УИХ-ын гишүүн гэхээсээ илүү “Дорнын говь”-ийн гэдгээрээ сүүлийн үед олонд танигдаад байгаа Б.Дэлгэрсайхан саяхан жирийн нэг бизнесмэний хувиар биш төрийн түшээгийн хувиар бүдүүлэг “мэдэгдэл” хийлээ. Хятадуудад виз олгох журмыг хөнгөвчилж, олноор нь оруулж ирж, Монгол Улсыг хөгжүүлье гэх утгатай юм ярьжээ. Мөнхийн хоёр хөршийн хэнд нь илүү, хэнд нь дутуу найр тавихыг төр улс нь мэдэх хэрэг. Харин түшээ нь, зарц нь илүү үйлдэл хийх нь бүү хэл илүү үг амнаасаа унагах ёсон үгүй. Хэрэв Б.Дэлгэрсайхан “Дорнын говь”-ийн захирал гэдгээрээ ингэж яривал зүйн хэрэг. Харин парламентын гишүүний хувьд бол өөр хэрэг. Тэр хэдийгээр хятадуудтай нийлж бизнес эрхэлдэг, сайн түншүүд байж болох ч энэ талар бол “тэнэг хүний дуугүй нь сүртэй” гэдэгчлэн дуугүйхэн суусан бол ингэж бичихгүй байлаа. Тэр 30-аад жил тасралтгүй бизнес хийсэн ч олонд төдийлөн ил гардаггүй байсан.
Дорноговь аймгийн Махны үйлдвэр, Хүнсний үйлдвэрийг дуудлага худалдаагаар авч “Дорнын говь” компаниа байгуулж, 2004 оноос уул уурхайн бизнес рүү орж “Болд төмөр Ерөө гол” ХХК-иа хятадуудтай хамтран үүсгэн байгуулсан байдаг. Монголын баялгийг түүхийгээр урагш нь зөөдөг цөөхөн хэдэн хүний нэг нь тэр. Онц их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй хэргээр “аавын хаалга” татаж үзсэн тэрбээр Дорноговийнхныг хэлэх үггүй болтол нь “тойглосны” хүчинд парламентын гишүүн болж чадсан билээ. Гишүүн болсны гайгаар оффшор данс нь илэрч балрах шахсан. Энэ хэргүүдийн аль аль нь замхарч байх шиг. Түүний “Болд төмөр Ерөө гол” ХХК нь “УБТЗ” ХНН-тэй “сайн хөрш”-ийн харилцаатай байж, Б.Дэлгэрсайхан, Д.Жигжиднямаа нарын дүү нар нь төрсөн дүүсээс ч илүү итгэлт нөхдүүд байж, бие биеийнхээ дансаар хэдэн арван мянган ногоон шилжүүлж, өгч авалцдаг тухай хэвлэлүүд бичиж байв. “Болд төмөр Ерөө гол”-ын төмрийн хүдэр “УБТЗ”-аар дамжин урд хөрш рүү гардаг бөгөөд хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нийт ачаа эргэлтийн ихэнх хувийг эзэлдэг гэдэг.
Түүнчлэн “Болд төмөр Ерөө гол” Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төсвийн хөрөнгөөр барьсан 23 км төмөр замаа улсад буцаагаад өндөр үнээр шахсан гэх мэдээлэл ч цухалзаад өнгөрсөн. Аргатай зальтай, арилжаа наймааны мастер бизнесээ хэл амгүйхэн хийгээд, хэдэн найз бүсгүйгээ эрхлүүлээд явж байсан нь дээр ч байж мэднэ. УИХ-ын гишүүн болсныхоо дараахан “Монгол Улсын иргэд хэт их тансаг амьдарч ирсэн. Тиймээс хэмнэлтийн горимд амьдруулж сургана” гэж яриад золтой л барьж идүүлээгүй. Хааяа гэнэн тэнэг юм ярьж эгдүү хүргэхээс хэтэрдэггүй ийм л нэг гишүүнтэй болчихоод л байгаа юм даа. Гэхдээ л Дорноговийнхон түүнийг “Эцэг Лампарита” гэдэг юм билээ. “Халтар царайт”-ын хамгийн хөөрхөн дүрээр өхөөрдсөнийг нь бодвол...
А.Одсүрэн