Жирийн нэг уран бүтээлчийн 100 шилдэг кино хийх төсвөөр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат энэ цаг үед байтугай ирэх өдрүүдэд ч мартагдахгүй кино хийхээр болжээ. Тэрхүү кино нь Маршал Ю.Цэдэнбалын амьдрал, улс төрийн замналыг харуулах бөгөөд “Түүх мартахгүй” гэх нэртэй аж. Ардын намын 100 жилийн түүхэнд “Маршал”-аас нь өөр мөлжих сэдэв үлдээгүй учраас жил бүхэн л тэрбумаар нь мөнгө төсөвлөж, түүнийхээ төлөө улсын мөнгийг зарцуулахаас өөр яалтай ч билээ. Улсын мөнгө уйлдаггүй юм, найзууд аа. Энэхүү кинонд нь зориулж Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын нөөц сангаас 500 сая төгрөг гаргаж өгөхөөр боллоо. “Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг” гэгчээр 100 жилийн түүхтэй Ардын намын ах нар ёстой аархаж байна. Төрийн эрх барьж байгаа энэ цаг үедээ төсвийн мөнгөөр туйлж чадаж байна, мундаг байна. Бадамлаж, бардамнаж, баярхаж чадаж байна, ах нар. Төрийн толгойд магадгүй эцсийн удаа ч сууж байж мэдэх учраас юу хүссэндээ мөнгө цацаж, түүхэнд мартагдахгүй төсвөөр кино хийгээд ч болтугай яригдахыг хүсч байж мэднэ. Буруутгаж болохгүй ээ, хөөрхий.
Маргааш бид “МАН” гэж нам байсан эсэхийг, тэнд нь Ж.Мөнхбат гэж улстөрч байсан үгүйг санахгүй ч байж мэднэ. Угаасаа рейтинг нь навс уначихлаа. Арав эсвэл 20 жилийн дараа Ж.Мөнхбат гэж хэн байсныг бидний хүүхдүүд, эсвэл өнөөгийн залуус санахгүй байж мэднэ шүү дээ. Тэр цагт “Нөгөө түүхэнд мартагдахгүй төсвөөр кино бүтээсэн нөхөр” гэхээр “Аан тийм, тийм санаж байна” гэж уулга алдах нь тодорхой биз дээ. Манай ах нар чинь энэ мэт зүйлийг дотроо төлөвлөчихсөн л байж таарна. “Нэг кинонд зориулж 500 сая төгрөг зарцуулдаг Ерөнхий сайдтай байж билээ” хэмээн өнөө цагийнхан биш юм гэхэд ирээдүй хойч үеийнхэн мартахгүй ярих учраас нэг кино, нэг маршалын намтар, түүхээр дөрвөн жил төсвөөс мөнгө сааж чадлаа шүү дээ. Айлын ах нарын санаа ийм айхтар. Жинхэнэ утгаараа “түүх мартахгүй” биз дээ, тэднийг. Гэтэл Ардчилсан намыг хар. Ардчилсан хувьсгалыг бүтээсэн “алтан хараацай” нараа тоохгүй, бүр таг мартчихсан. Тэднээр бамбай хийгээд төсвөөс мөнгө “хусах” нь байтугай орох оронтой ч болгож чадахгүй “хадан гэрт” нь үдлээ.
Гэтэл Ардын нам амьд байгааг нь том компанийн ТУЗ-д шахан мөнгө хийлгэж, тэрнээс нь намдаа татвар авчихдаг. Төрөл садан, ах дүүг нь төрийн албанд шахаж ач хариулдаг. Тэнгэрт одсон заримаар нь жил бүхэн кино хийж, эсвэл түүхэн ой тэмдэглээд л төсвөөс мөнгө авч болдог гэдгийг харуулав. Юмханаар юм хийнэ гэдэг асар том ухаан гэдгийг яруу тодоор харуулжээ. Долоон бурхан шиг харвадаггүйг сануулахын тулд түүхэнд мартагдахгүй байхаар чармайж буй Ардын намынхнаас харин ч суралцах ёстой юм байна. МАХН-ынхан ч гэсэн үнэгүй байр өгнө гэж хий дэмий мөрөөдөж явахаар “Number one” гэсэн сериал хийгээд, түүндээ тэрбумын төсөв зарцуулж, түүхэнд үлдээч, та нар. Иймхэн зүйл сэтгэж чадахгүй. Эцэст нь хүсэхэд, Ж.Мөнхбат ах аа, тэрбумын өртөгтэй киноны чинь мөнгөнөөс багахан үлдвэл “Дунд хуруу шигээ байхсан” шүлгээ дуу болгож өгвөл баярлана шүү. Тэгвэл энэ насандаа байтугай ирэх өдрүүдэд ч түүх мартахгүй дээ, таныг бас танай намыг.
Б.Эрхэс