ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Мөнхболд: “U-Money” картаа гар утаснаасаа цэнэглэдэг болно

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-25

“U-Money”  картад шинэ үйлчилгээ нэвтрүүлж байгаа талаар “Улаанбаатар смарт карт”  компаниас өчигдөр мэдээлэл хийсэн юм. Энэ талаар тус компанийн Шинэ бизнес, төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболдоос тодрууллаа. 

-“Улаанбаатар смарт карт” компаниас U-Money.mn сайт шинээр нэвтрүүлсэн байна. Иргэд, нийтийн тээврээр үйлчлүүлэгчлэд ямар давуу талтай вэ?
-Карт хэрэглэгчиддээ зориулан U-Money.mn сайтыг шинээр ашиглалтад орууллаа. Энэ вэб сайт “U-Money” картын төлбөр болон бусад холбогдох мэдээллийг иргэдэд хүргэх зорилготой. Хэрэглэгч веб сайтад гишүүнээр элсэж, өөрийн хэрэглэж буй “U-Money” картын 16 оронтой картын дугаарыг холбосноор төлбөрийн гүйлгээний мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар харах боломжтой болно. Мөн үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авах боломж бүрдсэн.  UB Smart Bus аппликешнээс хардаг автобусны байршлын мэдээллийг тус сайтаас харж болно. Зөвхөн хот доторх нийтийн тээвэр төдийгүй Автотээврийн үндэсний төв, ИНЕГ-тай хамтран хот хоорондын автобусны байршил, нислэгийн цагийн хуваарь гэх мэт мэдээлэл бас бий.

-U-Moneу картыг цэнэглэх мобайл хувилбар хэзээ ашиглалтад орох вэ?
-Ирэх сард багтаагаад вэб сайтын мобайл хувилбар буюу “U-Money” аппликешнийг гаргахаар ажиллаж байна. “U-Money” аппликешн ашиглан картаа банкны мобайлаар цэнэглэж болох юм. 

-Гэрээт цэгийн үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой иргэдийн гомдол их байдаг шүү дээ? 
-Бид өнгөрсөн жилээс эхлэн судалгаа хийж эхэлсэн. Ингэхдээ “UB Smart Bus” аппликешнийг сайжруулах, дараагийн хувилбарыг гаргах  гэж олон судалгаа хийж бэлэн болгосон. Энэхүү  аппликешний шинэчилсэн хувилбарыг мөн өчигдөр гаргалаа. Шинэ хувилбар нь хурдны хувьд сайжирсан. Иргэдээс “Аппликешн удаан байна, автобус харагдахгүй байна” гэх гомдол их гаргадаг байсныг ийнхүү сайжрууллаа. Мөн буудалд автобус ойртон ирж байгаа эсэхийг өнгөөр ялган харуулах, хэдэн минутын дараа ирэх, ямар, ямар чиглэлийн автобус зогсох талаар мэдээллийг харуулдаг болсон.

-Иргэдийн зүгээс карт цэнэглэх цэгийн тоо хангалтгүй байна гэх гомдол бас их гаргадаг шүү дээ. Мөн картаа цэнэглүүлэх гэхээр банкны карт уншихгүй, бэлэн мөнгөө төл гэдэг. Энэ иргэдэд заримдаа хүндрэлтэй байдаг?
-Цаашид сайжруулахаар төлөвсөн ажилдаа тулгаарлан шинээр  банкны пос машинаар дамжуулж  “U-Money” картыг цэнэглэх хөгжүүлэлтийн ажлыг хийж байгаа. Одоогоор хөгжүүлэлт болон туршилтын ажлууд  хийж байна. Арванхоёрдугаар сард үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Харин арваннэгдүгээр сард  туршилтаар тодорхой цэгүүдэд ажиллахаар болсон. Ингэснээр гэрээт цэгийг 2020 онд 1500-д  хүргэж,  иргдэд үйлчилгээг илүү ойртуулах төлөвлөгөөтэй байна. 

-Олон улсад энд тэндгүй карт цэнэглэх цэг гэхгүйгээр, банкны данстай тухайн тээврийн хэрэгслийн аппликешнд QR кодыг холбогсон байдаг. Энэ нь иргэдэд  хүрэхэд илүү  хялбар арга байх. Үүнийг та бүхэн судалж үзсэн үү. Ийм төрлийн хөгжүүлэлт хийх боломж хэр байдаг вэ?
-Энэ асуудалд манай компанийн зүгээс олон удаа судалгаа хийсэн. Одоо ч хийж байгаа. Гар утас, ухаалаг хэрэглээ манай улсын хэмжээнд хангалттай ашиглаж байна.  Статистик мэдээлэлд тулгуурлаж , иргэдэд хэрхэн илүү хялбар хэрэглээг нэвтрүүлж болох вэ гэдэг талаас нь ажиллаж байгаа. Хэдий картаа  аппликешнээр  цэнэглэдэг болох нь чухал ч гэсэн аюулгүй байдал түүнээс чухал. Байгууллагын зүгээс хамаарсан ямар нэгэн эрсдэл гэхээсээ илүү хэрэглэгчид  өөрсдөө ашиглаж байгаа гар утасны гэмтэл гэх мэт технологийн бусад бидний хянаж чадахгүй зүйлээс эрсдэл гарахаас сэргийлэхээр зорьж байна. Мэдээж гар утсаар цэнэглэлээ гэж бодоход хамгийн чухалчилах хэрэгтэй зүйл нь төлбөрийн суваг байгаа юм. Бид  аль болох  дотоодод хэрэглэж буй хамгийн өргөн шийдлийг нэвтрүүлэх зорилтыг тавьсан.