ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“ЖДҮ-чин” гишүүд 108 сунаж мөргөн нүглээ наминчилна

А.ОДСҮРЭН
2019-10-28

Нүгэлгүй хүн гэж байдаггүй биз. Харин нүглээ наминчлах зав гардаггүй байх. Тэгвэл парламентын гишүүд Бурхан багшийн дүйчин өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгохоор хуульчлаад өгчихлөө. Нүглээ наминчлаад байж дээ. УИХ-ын 75 гишүүний олонхийн саналаар батлагдсаныг бодохоор гишүүд өөрсдөө нэлээд нүгэл үйлдсэн байж таарах нь ээ. Булхай луйвар хийсэн, үр хойчдоо асрал энэрэлгүй хандсанаа ухамсарлаж л байгаа юм байна, зайлуул.

Өвгөн парламентч иймэрхүү тайлбар хэлснийг бодвол их л учир жанцантай аж. Гэхдээ энэ өдөр Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж, нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг их дүйчин өдөр хэмээн буддын шашинт орнууд нийтээр тэмдэглэх баярт өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг юм билээ. Монголчууд ч буддын шашинтай ард түмэн.

Тэмдэглэлт өдөр болгож, бүх нийтээр амрахаар боллоо. Болох л юм. Харин өвгөн парламентч, насаараа улс төр хийсэн мэргэшсэн улстөрч маань чин сэтгэлээсээ тэгж хэлсэн байх. Буян хийж, нүглээ наминчлах хүмүүст зориулж амралтын өдөртэй болж байгаагийн хэрэг юу билээ. Гандан хийддээ хөшиг татаж, нэг талд нь ламаа нөгөө талд нь төрийн түшээгээ суулгаж байгаад хийсэн нүглийг нь наминчлуулвал мөн сайхан аа.

Жишээ нь, ЖДҮ сангаас зээл авч жирийн бизнесмэн иргэдийнхээ боломжийг хулгайлсан 37 гишүүн нэг дор эгнэж суугаад нүглээ наминчилж, маани мэгзэм уншиж, эрих эргүүлээд жагсаалаар гарч суварга, сүм дуган гороолж, сүүлд нь бурханд 108 сунаж мөргөх хэрэгтэй.  Монголчууд зодуулж байгаа хүнийг өмгөөлж өмөөрдөг нинжин сэтгэлтэй хүмүүс. Хэдэн арван удаа сунаж мөргөн нүглээ наминчилж байгаа улстөрчийг хараад өрөвдөж л таарна. Өрөвдсөн юм чинь өршөөнө. Тэдний дэргэдүүр бохь зажилдаг, боов иддэг гэх мэтчилэн сонгогчдын нүдэн дээр ёс бус аашилсан хэдэн бүсгүй улстөрч нь Гандан хийдийг тойрсон бүх хүрдийг эргүүлэнгээ, тоос шороог нь арчиж зүлгэн нүглээ наминчилж бас болно. Улсын төсвийн хөрөнгийг өөрт ашигтайгаар, тойрогтоо төсөвлөж, бусдын эрхийг хязгаарласан хэд нь жанрайсиг бурхныг гялтайтал зүлгэх хэрэгтэй. Ахмадаа хүндэлдэггүй, нялхсаа асардаггүй хэдэр зарим нь маани хөгжөөх хэрэгтэй. Нэгэнт нүглээ наминчилъя гэж байгаа бол олон түмний нүдэн дээр ил наминчлах хэрэгтэй шүү. Нүглээ наминчилна гэж халтуурдаж байж мэднэ. Эцэст нь хийдийн лам нар тэднийг бурхан шүтээндээ даатган залбирч, мань мэт нь даган баясахад амьдрал сайжрах юмандаа бас байгаа байх аа. Эс тэгвээс ард түмэн өөрсдөөр нь ирэх оны зургадугаар сард тахил өргөж, буян үйлдэхээ ч мэдэж байгаа л даа.