Ханиад томууны улирал эхэлж буйтай холбогдуулан хэрхэн урьдчилан сэргийлэх, иргэдийн дунд яригдаж байгаа зарим асуудлаар ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач эмч Ч.Уртнасангаас тодрууллаа.
-Хүйтэн, сэрүүний улирал эхэлж ханиад, томуу дэгдэж эхэлдэг шүү дээ. Өвчлөлөөс урьтаж эцэг, эхчүүд юуг анхаарах ёстой вэ?
-Томуугийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд аль болох сургууль, цэцэрлэг, ажилдаа явахгүйгээр зааврын дагуу эмчилгээ хийлгэх шаардлагатай. Урьдчилан сэргийлэхийн тулд улиралд нь тохируулж хүүхдээ хувцаслах, шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байх, тухайн хүүхдийн насанд тохирсон амин дэм уулгах, дархлаа дэмжих, амраах гэх мэт арга хэмжээг авах хэрэгтэй. ХӨСҮТ-өөс өдөр бүр томуугийн харуулдан тандалтын мэдээлэл авч, дүгнэлт хийж байна. Улсын хэмжээнд 43 дугаар долоо хоногийн байдлаар амбулторийн үзлэгийн таван хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа бөгөөд өмнөх оны мөн үе болон өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад ижил түвшинд байна.
-Ханиад, томуу туссан тохиолдолд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Томуу, томуу төст өвчин бага насны хүүхдүүдэд халуурах, ханиалгах нус гоожих, толгой өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Зарим нь халуурахгүй ч байж болно шүү дээ. Дээрх шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандаж, эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэх ёстой. Зарим эцэг, эхчүүд ханиад хүрлээ гэхээр антибиотик уулгадаг. Гэтэл томуу, томуу төст өвчин өөрөө вирусээр үүсдэг. Антибиотик нь бактерийн эсрэг үйлчилгээтэй байдаг учир томуугийн үед ямар ч үр дүнгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Хордлогыг илүү нэмэх хандлагатай байдаг тул эмийг аль болох дур мэдэн хэрэглэхгүй байхад анхаараарай. Насанд хүрсэн хүмүүс өөрсдөө ханиад хүрэхээр эм худалдаж аваад уучихдаг. Гэтэл энэ нь түр хугацаанд намжаадаг бол эргээд даарсан тохиолдолд сэдрээж, хүндэрдэг. Мөн томуу болон амьсгалын замын бүх өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн бөгөөд найдвартай арга нь гараа угаах байдаг. Дараа нь хоолойгоо өглөө, оройдоо зайлах зэрэг энгийн аргыг хэрэглэж болно. Гэхдээ нэг уусмалаар 10-аас дээш хоног зайлдаггүй бөгөөд өөр уусмалаар солих маягаар хоолой, амаа зайлна. Нэг уусмалаар олон хоног хоолойгоо зайлвал дасал болсноор цэвэршүүлэх арга нь үгүй болдог.
-Гэдэс хүчтэй өвдөж, гүйлгэдэг ханиад гадуур дэгдсэн гэж иргэд ярих боллоо?
-Одоогоор ХӨСҮТ-д томуугийн вирус эргэлтэд орж ирээгүй байна. Одоогоор рино, адино вирусын болон томуу, томуу төст өвчний бусад вирус бий. Эдгээр вирус нь гүйлгэх, гэдэсний хямралтай хамт илрэх эмнэлзүйн шинж тэмдэгтэй вирусүүд байдаг. Сүүлийн 43 дугаар долоо хоногийн мэдээгээр дүүргүүдээс асуухад суулгалттай, халдвартай хүүхэд амьсгалын замын халдвартай хүүхдээс илүү байна гэдэг мэдээлэл ирсэн. Гэхдээ энэ шинэ вирусээр үүсгэгдэж байгаа юм биш. Томуу, томуу төст өвчин болон орото вирусын халдвар гадуур байгаа. Энэ нь гэдэсний суулгалтыг үүсгэдэг вирус л дээ. Гэхдээ үүнийг томуугийн вирустэй андуурах хэрэггүй бие даасан вирус байдаг.
-Томуугийн шинэ вирус үүснэ гэх мэдээлэл бас байсан?
-Одоогоор тийм вирус эргэлтэд орж, ийм хүндэрэлтэй байна гэдгийг мэдэх боломжгүй. Жил бүр А, В хүрээний вирус эргэлтэд байдаг. Манай улсын эргэлтэд байгаа вирус олон улсын болон хөрш орнуудад байгаа томуу үүсгэж буй вирустэй адилхан.
-Манай улсын хувьд вакцины хүртээмж хэр байдаг вэ?
-Улирлын томуугийн вакцин хийгдэж байгаа. Жил бүр ДЭМБ-аас тухайн бүс, оронд эргэлтэд байгаа вирусыг танддаг. Ингээд тухайн жилийн вакцины найрлагыг нэрлэдэг юм. Улмаар ДЭМБ-ын зөвшөөрөлтэй вакциныг манай улс Солонгосоос авдаг.
-Цахилгаан менингитийн халдварын хоёр удаагийн тохиолдол илэрсэн. Одоогоор нөхцөл байдал ямархуу байгаа вэ?
-Менингококкын халдвар нь маш цочмог, өндөр халууралтаар эхэлдэг, хурдан явцтай өвчин юм. Иргэд цахилгаан менигит гэдгээр нь илүү мэддэг. Яагаад цахилгаан менингит гэж нэрлэдэг вэ гэхээр, хүндрэл, эмнэлзүйн шинж тэмдэг нь цаг минутаар хэмжигдэж явагддаг учир ийнхүү нэрлэсэн. Уг халдвар сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд аравдугаар сараас тавдугаар сар хүртэл үргэлжилдэг зүй тогтолтой. Энэ намрын тухайд Улаанбаатар хот болон Завхан аймагт гурван тохиолдол гарсан. Одоогоор хүүхдүүд эдгэрч, эмнэлгээс гарсан.
-Энэ өвчний илрэх шинж тэмдгийн тухайд?
-Менингококкын гол онцлог нь тууралт байдаг. 38 хэмээс дээш халуурч, биеэр нь жижиг улаан тууралт гарна. Тууралтууд нь нийлээд үхэжсэн том тууралт болдог. Томуу дэгдэхэд энэ төрлийн халдвар ихсэх хандлагатай байдаг. Өөр нэг шинж тэмдэг нь 38 хэмээс дээш өндөр халуурч эм уухад 20-30 минут орчим буурдаг бол тун удалгүй огцом өндөр халуурч эхэлнэ. Тууралт ихэвчлэн доод мөчдөөс эхлэн гардаг учир эцэг, эхчүүд анзаардаггүй, биеийн дээд хэсэгт гарч эхэлсний дараа анзаардаг. Тиймээс шалтгаангүй өндөр халуурч эхэлвэл заавал доод хэсгийг нь шалгах хэрэгтэй. Хэрвээ тууралт гарсан бол яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах шаардлагатай.. Эндэгдэлд хүргэх аюултай өвчин учир бид нэг тохиолдол байсан ч иргэдэд сэрэмжлүүлэх, том цар хүрээтэй голомтийн арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.