-Нууцын зэрэглэлээс гаргаагүй үлдээсэн 74 хуудас хэргийн материалд их нууц бий-
УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргээр баривчлагдаад байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хорьж байхдаа эрүүдэн шүүсэн хэрэгт сэжиглэгдэж буй Б.Хурц нарын өмгөөлөгчид мэдээлэл хийж, С.Зоригийн хэргийг бүхэлд нь нууцын зэрэглэлээс гаргах ёстой гэв.
Тэдний ярьж буйгаар нийтдээ 15600 нүүр хуудас материалтай танилцах хугацаа бага байгаа, төрийн маш нууцын зэрэглэлтэй хавтаст хэрэгтэй бүгдтэй нь танилцаж чадахгүй байгаагаас үйлчлүүлэгчдийнхээ эрхийг бүрэн хамгаалж чадахгүй байна гэж үзэж байгаа аж. Төрийн маш нууцын зэрэглэлтэй зарим хэсгүүдийг төрийн нууцаас гаргаагүй гэдгийг өмгөөлөгчид нь хэлж байгаа боловч УИХ-ын зарим гишүүд өөрт ашигтай байдлаар нууцын зэрэглэлтэй материалуудаас ил болгож шоу хийж байгааг ч нэр цохож ярилаа. Өмгөөлөгчид нь хэргийг төрийн нууцын зэрэглэлээс гаргахыг хүсч байгаа нь Б.Хурц болон түүнтэй хамт шүүгдэгчдийн хүсэл.
УИХ-ын гишүүн, Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хэвлэлд өгсөн ярилцлагаас үзвэл, С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт Тагнуулын ерөнхий газар нийтдээ 20-иод хүнийг барьж цагдан хорьсон. Тэдний 15, 16, 17 дахь нь Т.Чимгээ, Д.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар гурав. Эднээс өмнө барьж цагдан хорьж мөрдөн шалгасан сэжигтнүүдийг ямар байдлаар байцаасан, шүүсэн, ял оноосон нь одоо хүртэл нууц хэвээр.
Түүнчлэн 2000 оны сонгуульд МАН “С.Зоригийн хэргийг илрүүлнэ” хэмээн амлаж, өдгөөгийн Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга Д.Мөрөнгөөр мэдэгдэл хийлгэж, тухайн сонгуулийн дүнгээр УИХ-д 72 суудал авсан нь харин ил хэрэг. Гагцхүү ямар сэжүүрээр, яаж тэр хэргийг илрүүлнэ гэж баталж, амласан нь мөн л нууц. Энэ тухай одоогийн хуулийн сайд Ц.Нямдорж “Нам хэрэг илрүүлдэггүй юм” гэж мэлзсэн хэрнээ өөрөө “С.Зоригийн хэргийг илрүүлэхэд нөлөөлөхүйц мэдээлэл, нотлох баримт олж өгсөн хүнийг 500 сая төгрөгөөр шагнана” гэж амласан талаараа тодорхой тайлбар хэлдэггүй нь хачирхалтай.
Хэргийг илрүүлнэ гэж амласныхаа дараа Францаас иргэн Дамирангийн Энхбатыг гадны тагнуулын байгууллагатай хамтран баривчилж, хулгайлж авчирсан. Шоронд хорьсон, эрүүдэн шүүсэн, амь насыг нь хохироосон нь үнэн. Харин дээрх шагналын зар одоо ч хүчинтэй хэвээр байгаа гэж хуулийн сайд ам бардам хэлдэг. Түүний амласан 500 сая төгрөгийн шагналыг авчих мэдээлэл, нотлох баримттай хүн одоо болтол гарч ирээгүйг бодоход С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг түүнээс ч үнэ цэнтэйгээр цоожтой авдарт маш нууц хэвээр үлдэж магадгүй нь.
Дөрвөн жилийн давтамжтай УИХ-ын сонгуулийн жил болгон энэ хэргийг илрүүлнэ гэж улстөрийн хүчнүүд амладаг ч өнөөдрийг хүртэл илрүүлсэн нь үгүй. Хамгийн сүүлд дээр нэр дурьдагдсан гурван хүнийг сэжигтнээр хорьж шалгаж, эрүүдэн шүүсэн нь илэрч, хэргийн хавтаст хэргийн зарим хэсэг буюу 14929 хуудас нь нууцаас гаргасан.
Нууцаас гаргах асуудлыг мөнөөх л хуулийн сайд биечлэн Засгийн газарт тавьсан. Одоо үлдсэн 74 хуудас материалын агуулга нь төрийн маш чухал нууцтай холбоотой болж таарна. Төрийн маш чухал нууц уу, төрийн томоохон алба хашиж явсан нэр нөлөө бүхий эрхмүүдийн нэр төрд харш уу гэдэг нь бас л нууц. Нэр нөлөө бүхий улстөрч эрхмүүдийн нэр холбогдож, дэлхий даахааргүй нүгэлтэн болохын нууц нь энэ хэргийг захиалгат аллага гэдгийг нь батлах болохоор яалт ч үгүй нууц байж таарна. Олон улсын парламентын холбооныхон байтугай манай улстөрчид нь захиалгат аллага гэж баталсаар ирсэн. Энэ хэрэг цорын ганц амьд гэрчтэй мөртлөө хамгийн олон жил илрэлгүй нууц байж чадсан.
Улсын дээд шүүхэд болсон Т.Чимгээ, Д.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох шүүх хурлын дараа улсын яллагч нь “Б.Булганы үйлдлийг шүүхэд шилжүүлэх хэмжээний бүрэн баримт цуглаагүй учир хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Захиалагчийг шалгах мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Б.Булган хэн ч болж болно. Ц.Амгаланбаатарын мэдүүлэгт нэг сонин зүйл бий. Бид гурав Б.Булгантай хамт тэднийд хэрэг гардаг орой тамхилсан.
Үнсээ будаатай аяганд хийсэн гэж мэдүүлсэн байдаг бөгөөд хэргийн газраас яг ийм будаатай аяга олдсон” гэсэн байдаг. Тэгэхээр сэжигтнүүдийг Б.Булган гарцаагүй таних ёстой. Тэгээд яагаад Т.Содномдаржаа нарын хэрэг эрүүдэн шүүх хэлбэрт ортлоо хүндэрч, сунжирч, тагнуул, шүүхийн шийдвэрийнхэн эрүүдэн шүүх болов. Амьд гэрчтэй энэ хэрэг 20 жил яригдталаа сунжирч, эрүүдэн шүүсэн гэгдэх Б.Хурц, хэргийн зарим хэсгийг нууцын зэрэглэлээс гаргасан хуулийн сайд хоёрын дунд ангал үүсэв гэхчлэн “нууц”-ууд нууц хэвээр үлдэх бололтой.
Б.Хурцын тухайд С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн нь “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалтай холбоотой гэсэн байдаг бөгөөд хэн нэгний нэр усыг зарлаагүй байхад “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ш.Отгонбилэгийн хүү, одоогийн УИХ-ын гишүүн О.Содбилэг цахим хуудастаа яаран сандран учир битүүлэг пост бичсэн.
Харин энэ талаараа хэзээ ч дахиж ам нээгээгүй, сэтгүүлчдээс дөлсөөр яваа. Ард түмэн С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэргийн сэжигтнээр түүний эхнэр Б.Булган, Хотын дарга асан Э.Бат-Үүл, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ш.Отгонбилэг нарыг хамаатуулж амнаас ам дамжин яригдсаар ирсэн. Эдний нэр, нөхөрлөл ганц нэгхэн хүнд хаяглагдан, чиглэгдсээр ирснийг ч уншигчид надаар хэлүүлэлтгүй, өөрсдөө учрыг нь олчихно.
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн материалыг төрийн нууцаас гаргахыг хүссэн албан тоотыг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Ерөнхий сайдад хаягласнаас хойш сар хүрэхгүй хугацаа өнгөрч байна. Сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд үзүүлсэн, Засгийн газрын нэрийн өмнөөс Хуульзүйн сайд Ц.Нямдорж тэднээс уучлал гуйсан зэрэг нь шүүхийн шийдвэрт итгэх олон нийтийн итгэлд эргэлзээ төрүүлсэн тул Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг маш нууцын зэрэглэлээр анхан болон давж заалдах шатны, хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг маш нууцын зэрэглэлээс гаргахыг хүссэн. Харин үүнд хэн ч хариу өгөөгүй байна.
Шийтгэх тогтоол болон нууц үлдсэн 74 хуудас хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах, эсвэл нууцын зэрэглэлээс гаргасан гэх 14926 хуудас материалыг цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд ил болгож шүүн тунгаах эрхийг хууль шүүхийн байгууллагын мэргэжилтнүүд, өмгөөлөгч, хуульчдад өгвөл нэлээд их юмны учиг тайлагдаж ч мэдэх биш үү. Тэр 74 хуудаст л их зүйл нуугдаж байгаа бололтой. Магадгүй захиалагчдынх нь нэр ус, сэжүүр байгаа ч юм бил үү.
Генерал Б.Хурцаас эхлээд үе үеийн тагнуулын дарга удирдлагууд энэ хэргийн талаар багагүй зүйлийг мэдэх нь тодорхой бөгөөд ялангуяа Б.Хурц энэ хэргийн сэжүүрээс баттай атгасан, тиймдээ ч хэнээс ч, юунаас ч үл айх мэт авир гаргадаг байж таарна. Харин түүнд төмсөгдүүлсэн эрх мэдэлтнүүдийн нэр, ядаж нэрийнх нь эхний үсэг ч болтугай илрэх л хэрэгтэй байна. Өмгөөлөгчдөөрөө дамжуулж хэргийг төрийн нууцаас гарга гэж шахахын оронд өөрөө мэдэж байгаа бүхнээрээ “илчилчих” зориг дутаад байгаа учир нь юу юм бол.