Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйгээс тодрууллаа.
-Өнөөдрийн байдлаар угаарын хийд хордсоны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хэчнээн хүн байгаа вэ?
-Аравдугаар сарын 30-31-ийг шилжих шөнө Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийд хүнд болон хөнгөн хэлбэрээр хордсон хоёр өрхийн дөрвөн иргэн хандсан. Улмаар тэдгээр иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, яаралтай арга хэмжээ авлаа. Одоогоор эмнэлэгт хэвтсэн хүн байхгүй. Иргэд пийшин зуухны ашиглалт сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээтэй холбоотой асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101,105 болон “Тавантолгой түлш” ХХК-ийн зуух сервис үйлчилгээний мэдээллийг 70114900 утсанд хандаж зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Шаардлагатай тохиолдолд гэрт нь очиж зөвлөмж хүргэн ажиллаж байна.
-Өнгөрсөн онуудад угаартсан иргэдийн тоо 170 орчим байсан. Харин өнгөрсөн сараас эхлээд угаарын хийн хордлогын дуудлага 500 гарлаа. Буруу галлагаанаас болоод хүмүүс угаартаад байна уу. Эсвэл сайжруулсан шахмал түлшнээс болоод байна уу?
-Шинэ галлагаа, шинэ стандарт учраас аливаа эрсдэл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Монгол Улсын таван итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр шахмал түлш стандартын дагуу байна гэж гарсан. Олон нийтийн дунд эргэлзээ байгаа учраас Япон, Орос, БНСАУ, БНХАУ руу шахмал түлшний дээжийг явуулсан. ОХУ-аас ирсэн шинжилгээний хариуны дүгнэлт “хүний биед хоргүй стандартын дагуу” гэж гарсан.
-Иргэдэд анхааруулж хэлэх мэдээлэл байгаа юу?
-Арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ирэх оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл цахилгааны шөнийн тарифыг тэглэх болсонтой холбогдуулан цахилгааны ачаалал эрс нэмэгддэг тул иргэд аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна. Мөн сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эхчүүд, асран хамгаалагч нарыг угаарын хийнээс урьдчилан сэргийлэх, сайжруулсан түлшний галлагааны зөвлөмжийг баримтлах, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх хэрэгтэй.
-Өнгөрсөн хугацаанд нийслэл рүү түүхий нүүрс тээвэрлэх асуудал гарч байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Аравдугаар сарын 30-31-ийг шилжих шөнө долоон авто товчоонд шалгалт явуулахад түүхий нүүрс тээвэрлэсэн асуудал гарсангүй. Энэ нь анхны тохиолдол байсан.
-Айлын зуух дэлбэрсэн асуудал гарсан шүү дээ?
-Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооноос зуух дэлбэрлээ гэх дуудлагын дагуу мэргэжилтнүүд очиж ажиллахад ахуйн чанартай гал гарсан байсныг зуух дэлбэрсэн гэж ташаа мэдээлсэн байсан. Осолтой холбоотойгоор хоёр хүн Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа.
-Агаарын чанарын судалгааг хийж байгаа юу. Хэмжээ нь хэрхэн гарсан бол?
-Агаарын чанарын мэдээллийн хувьд өнгөрсөн долоо хоногийн байдлаар PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн жилийнхтэй ижил хэмжээтэй байсан. Харин PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оныхоос 1.3 дахин бага илэрсэн талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас мэдээлсэн.
-Түлшний үйлдвэрт гарсан галыг унтраахаар гал сөнөөгчид 1:40 минут ажилласан байсан. Галын тархац хэр их байсан бэ?
- Лхагва гарагийн 19:15 цагт галын дуудлага ирж, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бие бүрэлдэхүүн очиж ажилласан. Гал хоёрдугаар үйлдвэрийн хоёрдугаар шугамын хатаах төхөөрөмжид гарсан. Шахмал түлшийг дөрвөн төхөөрөмж дамжуулан хатаадаг юм байна. Түүний хоёр дахь төхөөрөмжид гарсан галыг унтрааж ажиллалаа. 1:40 минут гэдэгт дуудлага авснаас хойш галыг бүрэн унтраах хүртэл хугацааг багтааж ойлгоно. Үйлдвэр дотор гарсан гал учраас шууд хоолой тавиад унтраах боломжгүй, дотор ажиллагаа явуулан нэмэлт насос тавьж ажилласан юм. Хатаах төхөөрөмж дотор байсан гурван тонн орчим түлш шатсан бөгөөд улмаар бусад хатаагч төхөөрөмж болон үйлдвэр галд өртөхөөс сэргийлж унтраасан.
-Галын үеэр ажилтан, албан хаагчид гэмтэж бэртсэн асуудал гарсан уу. Гал юунаас болж гарсан бэ?
-Галын үеэр үйлдвэрийн ажилчид, онцгойгийн алба хаагчид гэмтсэн зүйл гараагүй. 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг тус үйлдвэрийн ажиллагаа хэвийн үргэлжилж байсан. Урьдчилсан байдлаар гал гарахад гадны нөлөө байхгүй, хатаах явцад түлш шатсан байж болзошгүй гэх таамгийг дэвшүүлж байгаа. Гадны нөлөө байсан уу, үйлдвэрийн технологийн горим зөрчигдсөн эсэхэд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.