ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Миний эх орон сэдвийн эх орон билээ

А.ОДСҮРЭН
2019-11-04

Намрын сүүл сарын арав хоног дуулиан шуугиан ихтэй, зугаатай сайхан өнгөрлөө. Сайжруулсан шахмал түлшнийх үү, томуу томуу төст өвчнийх үү, найтаасан, толгой нь өвдсөн болгон угаартсан болж 103-ынхныг сандаргалаа. Хятадын 500 биш ээ, 800 “пийсийчид” тав хоног бидний мэдрэлээр тоглож зугаацууллаа.  Нэртэй дуучин, жүжигчин залуус хар тамхи татсан уу, зарсан уу, тарьсан уу мэдэхгүй, талцуулж бас жаахан уймрууллаа.  Улс гүрнээрээ саарал жагсаалтад орж буруутныг хайлаа. Адаг сүүлд нь Цэцийн дарга хүний нутгийн бүсгүйн өгзөгт хүрчихлээ.

Ярих юмтай, сэвэх сэдэвтэй байна гэдэг ажилгүй бидэнд бол зүгээр суухгүй сайхан боломж л доо. Өдрийн 40-хөн мянган төгрөгөөр төмс ялгаж, хоногийн 20-хон мянган төгрөгөөр манаач хийж зовлогоо зовоож байснаас 1500 төгрөгөөр нэг өдрийн хэрэглээний дата аваад соошлоор хүн муулж суусан нь дээр. Ядаж л кайфтай ажил. Хэдэн лайк нь ч хаа юм. Сэдэвгүй өдөр хоног гэж байх биш. Адаглаад л шинэ цагийн Чингис хаан, Өүлэн хатан, бүр ядахад Осороо маань хөгжөөнө. Ал, цаазал, дүүжил, зоосны нүхээр сүвлэ гэхчлэнгээр цөсөө хөөргөж суухад ямар ч гарзгүй.

Цагдаа, тагнуулынхан нь ямар тоох ч биш. Ажил олдохгүй байна, цалин бага байна, амьдрал ядуу байна гэж хэчнээн үглэж гоншгоноод тоох төр засаг ч байх биш. Юу дуртайгаа самарч, хэн дуртайгаа муулж суух ч энэ цагийн энэ насны жаргал боллоо доо. Муу хүний заяа завагт гэж газар дороо бөөн эрдэнэтэй  монгол хүн байна даа. Тураад үхтэл хаа ч байсан юм. Өвөл нь хөлдөөд угаартаад, зун нь живээд барагдчихгүй л бол монгол хүн ч шийртэй л дээ. Яаж ч ядарсан хүн царайчилж, ажил хайж явна гэж байхгүй. Хар гэртээ хаан сууж, хаа байсан Трамп тэнэгийг “Америкийг ингэж удирдахгүй ээ” гэж зааж зааварлаад л явж байх чинь жинхэнэ тэнгэр заяатайг маань илтгэж байна.

Аливаа юмны учир зүй, үнэн мөнийг олно гэдгийг баргийн хуульч ч хүсэхээ байсан болохоор мань мэтэд бол үнэн худал аль нь ч ялгаагүй. Сэвж л байвал сэдэв жижигдэхгүй. Муулж л байвал хүн нь томдохгүй. Сайхаан, сайхан. Сэтгүүлчдийг чагнасан тагнасан гэх хагас жилийн өмнөх мэдээлэлд итгэсэн хэвлэлийн хурал хийж байгаа эвлэлээ бодвол, цагдаа тагнуул нь гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа камер дуудаж байгаад эхэлдгийг бодвол  би ч танагтай сэвж байна аа. Баасан гарагт би “Цэцийн дээр өгзөг” байдаг болчихож гээд сэвчихсэн. Гайгүй байгаа. Маргааш манай оронд ямар сэдэв гарч ирэхийг би таашгүй. Гарах нь л гарна. Тэрэнд л бэлдэж, датагаа авч бэлдэх минь.