ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Хуулийн манаач”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-05

Үзэл бодол, үнэт зүйл, дурлаж сонгосон мэргэжлийнхээ жанжин шугамаас хазайхгүйгээр нийгмийн бүх салбарт манлайлж яваа эмэгтэйчүүдээр ямагт бахархах дуртай. Салбар бүрт тийм эмэгтэйчүүд олон байж гэмээнэ улсын хөгжил нэг алхмаар урагшилна гэж итгэдэг учраас олон байгаасай, тэднээс залуу бүсгүйчүүд суралцаасай хэмээж, тэдгээр манлайлагчдыг дэмжиж, урамшуулахыг зорьдог юм.

Тиймдээ ч энэ өдрийн онцлох буландаа яг энэхүү тодорхойлолтод нийцэх нэгэн бүсгүйг онцлохыг хүслээ. Тэр бол хэдхэн өдрийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсон, гавьяат хуульч Л.Атарцэцэг юм. Тэрбээр, ЗХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг төгсөж, 1985 онд Дархан хотын шүүхэд нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлжээ. Тэр цагаас хойш бүх шатны шүүхэд 32 жил ажилласан мэргэжлийн боловсон хүчин.

Улсын дээд шүүхийн танхимд ажиллаж байхдаа “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн талд шийдвэр гаргасан байж магадгүй гэх иргэний гомдлоор АТГ-т шалгуулж байсныг эс тооцвол намтарт нь хар бараан толбо алга. Салбартаа манлайлагч гэдгээ нотлох ажээ, тэр. 2004 онд Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдах үед шалгалт өгөн тэнцэж байсан бол 2005 оноос Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж эхэлсэн гэнэ.

Энэхүү албан тушаалд тасралтгүй 14 жил ажилласан. Харин 2017 онд “Монгол Улсын гавьяат хуульч” гэх өндөр төрийн эрхэм хүндтэй шагналыг түүнд олгосныг харвал, эрхэлсэн ажилдаа дурлаж, үзэл бодлоосоо урвалгүй энэ өндөрлөгт хүрчээ хэмээн үнэлж болох нь ээ. Л.Атарцэцэг нь 2018 онд ХОМ-тээ дөрвөн орон сууцтай хэмээн мэдүүлж байжээ. Өдгөө ШЕЗ-д сууж буй хамгийн ахмад шүүгч гэдэг утгаараа ШЕЗ-ийн даргын тамгыг хүлээж аваад буй. Түр орлож байгаа хэдий ч цаашдаа жинхэлж магадгүй гэсэн таамаг ч энэ салбарт өрнөөд байгаа юм.

Тэрбээр, тамгаа гардаж авах үедээ “”Шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлж, шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнуудын төлөө хүнд үед ажиллаж өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн нь нэрт хуульч, профессор Н.Лүндэндоржийн гавьяа. Цаашид Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Ажлын албаны хамт олонтой энэ зорилгыг үргэлжлүүлэхийн төлөө ажиллана” хэмээжээ. Хууль, шүүхийн салбарт манлайлж буй цөөхөн шилдэг эмэгтэй хуульч нарын нэг гэдэг утгаар нь Ерөнхийлөгч түүнд итгэл үзүүлсэн хэрэг биз. Тиймдээ ч авлига, албан тушаалын наймаанаас ангид байж, шүүгчийн унасан нэр хүндийг сэргээх, шүүх байгууллагыг иргэндээ шударгаар үйлчилдэг болгохын төлөө “манаач”-ийн үүргээ нэр төртэй биелүүлнэ гэж найдъя.