ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийт “хулгайч” нараараа ном бичүүлье

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-05

Насаараа улстөрч байсан эсвэл нийгмийн зүтгэлтэн явсан хэн нэгэн хүн өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралын зам мөр, алдаа оноогоо шүүрдэн “дурсамж ном” бичдэг гэх бодол минь саяхныг хүртэл итгэл үнэмшил дээр тогтож байв. Ерөнхийлөгч байсан хэн нэгэн нь тэр амьдралаа дурсаад л, эсвэл Ерөнхийлөгчийн гэргий нь ном бичдэг ч юм уу. Түүнийг нь залуус худалдан авч уншиж, энгийн нэгнээс их хүмүүн болох амьдралын урт замд гаргасан амжилтаас нь суралцдаг хэмээн бодож явлаа, би.

Гэтэл орчин цагт тэр тусмаа Монгол Улсад хулгайч нар нь ном бичиж, худалдаанд гаргадаг боллоо. Тэдний бичсэн ном л хамгийн гүйлгээтэй бараа болов. Урлаг, уран зохиолын ном үнэд орохоо ч болилоо. Ёстой гоё шинэ үзэгдэл. Түүхэнд бичигдэх үйл хэрэг бүтээсэн юм чинь ингэж онгирохгүй яах юм бэ. Бүр “Миний хийсэн луйвар 10 жилийн ойтойгоо учран золгож байхад Засгийн газар тоосонгүй. Тиймээс хамтдаа хулгай хийж, худал хуурмаг гэрээ байгуулсан найзууддаа ойн баярын мэнд хүргэе” хэмээн олон нийтийн сүлжээгээр онгирч байна шүү дээ, манай “хулгайч” нар.

Орон шоронд хоригдсон нь хүртэл түүнийгээ нийтлэл болгон хэвлүүлж, нийтэд тараасныг та нар санаж буй биз. Үүнийг л ардчилал гэж нэрлэх байх даа. Бүр болоогүй  “Манай цагдаа нар мэдлэггүй юм билээ. Манай татварын байцаагч нар юу ч мэдэхгүй, худлаа дүгнэлт гаргасан. Тиймээс хэрхэн хулгай хийснээ би ном болгоод аваад ирлээ. Үүнийг уншиж үзчихээд надаас хэрхэн худал хэлж, хулгай хийж улс эх орноо худалдсан болохыг асуу” хэмээв. Шоронд байх ёстой “хулгайч” нар нь шалгаж байгаа хүмүүстээ зориулж, ном бичиж байгааг л ардчилал гэхгүй юм бол өөр юуг ардчилал гэх юм бэ.

Бид оюун ухаанаараа гоцгойд гэдгээ ингэж харуулав. Нэг биш нэлээд хэдэн юмаараа онцгойрч чадаж байна, монголчууд. Төрийн толгойд заларч байсан бүх хулгайч, хүчиндэгч, луйварчид нь дурсамжаа ном болгон баринтагласан анхны улс гэж бичигдэх ч юм билүү. Өөдрөгөөр харна шүү, хэдүүлээ. Эсвэл хулгай хийсэн ч ном болгоод гаргачихвал буян болно гэж боддог ч байж болох юм, зайлуул. Хүн бүхэн ном бичиж, мод тарьж, байшин барьчихвал нүгэл нь арилдаг гэдэг биз дээ.

Ер нь Монголд цагдаа, хууль хүчний байгууллагын хэрэг ч алга. Орон байр, халаасны хулгайч нар нь нийлж байгаад нэг том роман бүтээчих. Улсаа зарж идсэн хэд ч бас  хэргээ номондоо л бичиг. ЖДҮ хулгайч нар бичиж болно шүү. Араас нь Цэцийн дарга Д.Одбаяр хэрхэн бэлгийн дарамт үзүүлснээ, гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэргийнхээ талаар болж өгвөл +18 кино зохиол болохгүй бол нэг дурсамж нийтлүүлчихвэл бүр гоё доо. Харин цагдаа нар хэдэн сар жилээр шалгаж, цагдаж төсвийн мөнгийг үрж байснаас хулгайч, худалч, хүчиндэгч, авлигач нэг бүрийн номыг дэлгүүрээс хэдхэн төгрөгөөр худалдаж аваад уншихад л болчих юм биш үү. Тэдний бичсэн номыг уншихгүй л бол тэр хэргийн тухай мэдээлэлгүй гэж үзнэ гэдгээ ч хэлж байна билээ.