ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

П.Пүрэвханд: “Дураараа биш дүрмээрээ аян” хэрэгжсэнээр осол 22.5 хувиар буурсан

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-05

Хот суурин газарт “Дураараа биш дүрмээрээ” аян хэрэгжиж байгаа билээ. Тэгвэл  жолооч,  явган зорчигчдын гаргадаг нийтлэг зөрчлийн талаар Тээврийн цагдаагийн албаны Урдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч П.Пүрэвхандаас тодрууллаа.

-“Дураараа биш дүрмээ­рээ” аян хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ аян хэрэг­жиж эхэлснээр гэмт хэрэг, зөрчлийн тоо хэр буурсан бэ?

-“Дураараа биш дүрмээрээ” аян ЦЕГ болон ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн хамтарсан “Яараад яахав дээ” аяны хоёрдахь хэсэг буюу суурин газруудад чиглэсэн аян юм. Есдүгээр сарын 23-наас эхлэн хоёр сарын турш үргэлжилж байгаа. Нийслэл хотод болон суурин газарт гаргадаг нийтлэг алдаа нь жолооч нар дүрэм зөрчих явдал. Ингэхдээ цаг хугацаагаа хэмнэх гэж замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг. Аяны эхний 14 хоногт гарсан нийт гэмт хэргийн үзүүлэлтийг харахад  нийслэл болон орон нутгийн  хэмжээнд  гарсан нийт гэмт хэргийн тоо 22.5 хувиар буурсан буурсан байсан.  Харин гэмтсэн хүн 24.7 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Тус аян хөдөлгөөн ихтэй үед эхэлсэн боловч хүмүүс дураараа биш, дүрмээрээ хөдөлгөөнд оролцсоноор зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж болдог гэдгийг бага ч гэсэн ойлгууллаа. Олон хүнд эерэг хандлагыг бий болгож чадлаа.

-Тус аян хэдэн сарын  хугацаанд үргэлжлэх вэ? 

-Аяныг эрчимжүүлж буй хугацаа нь хоёр сар боловч, цаашаа ч үргэлжилнэ. Тээврийн цагдаагийн албанаас гаргасан  төлөвлөгөөний  дагуу тухайн цаг хугацаандаа тохируулаад  аянаа идэвхжүүлээд явах юм. 

-Хөдөө орон нутагт шөнийн цагт жолооч тээврийн хэрэгс­лийнхээ гэрлийг шил­жүүлэхгүй байгаа нь гарч буй ослын дийлэнхи шалтгаан болж байна гэдэг. Гэрлээ шил­жүүлээгүй жолоочид арга хэмжээ авах боломжтой юу?

-Гэрэл шилжүүлээгүйн ул­маас үүдэлтэй зам тээврийн осол яг тэд гарсан гэж  нарийвчлах боломжгүй. Учир нь жолооч гэрлийн гялбаанд орсон ч юм уу, өөдөөс ирж буй машин хэр хурдтай явж байгааг мэдэхгүйгээс осолдсон гэж хэлдэг. Тэгэхээр тоо гаргах боломж байдаггүй. Гэхдээ орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын  ихэнхи нь шөнийн  цагт  гэрэл шилжүү­лээгүйгээс болдог. Мөн өдөр, шөнийн цагт  хурд хэтрүүлснээс үүдэлтэй осол  их. Иргэд 80 км цагийн хурдтай явах ёстой гэдгийг замын хөдөл­гөө­ний дүрэмдээ ч заа­гаад өгчихсөн. Хэрвээ таны явж буй зам, бартаатай, хагар­сан, нүхтэй байвал  тухайн замынхаа нөхцөл байдалд хурдаа тохируулж явна гэсэн заалт ч бий. Гэтэл жолооч нарын нэг том алдаа нь Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг ороход 243 км,  үүнийг 80 км цагт хуваахад гурван цагийн дотор хүрнэ гээд тооцоолчихдог. Гэтэл тухайн замын эвдрэл, нөхцөл байдал нь 80 км, 60 км, 20 км цагийн хурдтай гэх мэтчилэн янз бүр. Улмаар жолооч нар цаг хугацаа нь давчдаад ирэхээр хурд хэтрүүлж, осол аваарт өртдөг.

-Иргэд явган хүний гар­цаар гараагүйгээс болж зам тээврийн осолд өртөх нь элбэг.  Гадны орнуудад  гар­цаар гараагүй үед осолд өртвөл тухайн иргэн өөрөө хариуцлага хүлээх тогтол­цоотой байдаг юм билээ?

-Монгол Улсын Замын хөдөл­гөөний дүрмийн тавдугаар бүлэгт явган зорчигчийн үүргийн зааж өгсөн байдаг. Замын хөдөлгөөн гэж ярихад иргэд жолооч буюу жолоо барьж буй хүмүүст хамааралтай гэж ойлгодог. Замын хөдөлгөөн дотроо жолоочид заасан үүрэг, явган зорчигчийн үүрэг, бусад хүмүүсийн  үүрэг гэж тус тусдаа  байдаг л даа. Явган зорчигчийн үүргийн 5.5-д “Явган зорчигч нь явган хүний гарцаар гарна, хэрвээ үзэгдэх хүрээнд гарц байхгүй тохиолдолд ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрөөж чигээрээ гарна” гэсэн байдаг. Гэтэл нийт хөдөлгөөнд  оролцож байгаа иргэдийг харахад даялсан байдалтай, өөр гарц байхгүй учир  ингэж гарахаас өөр аргагүй гэсэн үзэл бий. Иргэд буруу үйлдэл гаргаснаар явган зорчигч авто машинд мөргүүлж эрүүл мэнд, амь насаараа хохирдог. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.10 дугаар заалтаар хэрэг бүртгэлд хэрэг нээн шалгадаг. Ингэхдээ явган зорчигч эсвэл жолоочийн хэн нь буруутай вэ гэдгийг тогтоодог. Явган зорчигчийн буруу байвал хэрэг прокурорын саналтай хаагдах шатандаа хүргүүлнэ. Харин жолоочийн буруу бол шүүхийн шатанд хэлэлцэж, хэргийг шийддэг. Иргэдийн хувьд буруу ойлголт байдаг л даа. Хэрэг хаагдаад иргэний буруу болоход цагдаагийн байгууллага жолоочийн талд үйлчиллээ гэдэг асуудал үүсгэдэг. Өөрөө үүргээ биелүүлээгүй улмаас амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан бол явган зорчигч өөрөө хариуцдаг.  Иргэд эрхээ мэддэг атлаа үүргээ биелүүлдэггүй нь үнэн. 

-Хүүхдүүдийн, сур­гуу­лийн орчинд энэ талаарх мэдээл­лээр хангадаг уу?

-ЕБС-ийн хүүхдүүдэд хичээл зааснаар явган хүний гарц,  гэрлэн дохиогоор гарах ёстой гэдгийг ойлгуулдаг. Харам­сал­тай нь  эцэг эхчүүд  хүүхдүүддээ маш буруу үлгэрлэдэг. Тэд цагаа төлөвлөж гэрээс гараагүйгээс дуртай газраар хүүхдээ хөтлөөд гүйчихдэг. Түүнээс гарсан хор уршгийг бусдад тохдог муу зуршил олон байгаа. Хувь хүн зөв үйлдэл гаргаж, дураараа биш, дүрмийнхээ дагуу байвал  зам тээврийн ослоос өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалж чадна шүү дээ.  

-Жолооч нар хөдөө орон нутагт өөрсдөө бүс зүүх шаардлагатайг ухамсарласан атлаа, дэргэдэх болон арын суудалд сууж буй хүмүүст анхаарал тавьдаггүй шүү дээ.  Түүнээс гарах хохирол бас нилээд байдаг байх? 

-Зун цагт орон нутагт зорчиж байгаад осол гарахад зорчигч нар маш их гэмтдэг. Замын хөдөлгөөний дүрэмд мөн л жолооч болон зорчигч заавал суудлын бүс хэрэглэх ёстой гэж заасан. Гэтэл жолооч нар “би торгуулдаг” гэж өөрөө бүсээ зүүчихдэг атлаа бусад хүмүүсийн хамгаалах бүсийг төдийлөн анхаардаггүй. Үүний улмаас ямар нэгэн осол гарах, тоормослох тохиолдолд гэмтэх нь их.  Жолооч нарын гаргадаг нийтлэг алдаа энэ шүү дээ. Мөн 10 хүртэлх насны хүүхдийг урд талын суудалд суулгахгүй,  насны онцлогт тохирсон суудал, суудлын бүс зүүх ёстойг бас л хэрэгжүүлдэггүй. Ялангуяа хөдөө орон нутгийн замд хүүхдүүддээ зай гаргадаггүй өвөр дээрээ суулган,  ачаандаа зай гаргаж зорчдог нь маш том алдаа болдог. Харин нийслэлд зам тээврийн осолд өртөх хамгийн том шалтгаан нь явган зорчигчид гарцгүй газраар гарах юм. Мөн иргэд уулзвар, гарцан дээр тээврийн хэрэгсэлд  мөргүүлэх тохиолдол ч элбэг. 

-Зөрчил гаргаад торгуулиа төлөөгүй удсан тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Зөрчлийн тухай хууль болон торгуулийн хуудсанд 14 хоногийн  дотор торгуулиа төлөх ёстой гэж заасан. Хэрвээ торгуулиа төлөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тухайн торгуулийг  албадан гаргуулах үүрэгтэй байдаг. Иргэн зөрчил гаргахгүй л бол таныг цагдаа заавал зогсоогоод торгох шаардлагагүй.