ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Арвинтариа: МИАТ-ийн онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт учруулсан бол ил гарч, зарлаж чадахгүй байлаа

O.Admin
2019-11-06

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-ын онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан гэх хэрэг нийгмийн анхааралд ороод байна. Тэгвэл Монгол Улсад ч энэ төрлийн гэмт хэргийг хамгаалах, хаацайлах, монгол эмэгтэйчүүдийн үнэлэмжийг үл тоосон хандлага байгаа юм. Тиймээс охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагууд нэгдэж, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлэхээр болжээ. Мөн Эрүүгийн хуульд байсан зүйл заалтыг эргэж оруулах ёстой гэж үзсэн байна. Энэ талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн “Эрх зүйн шинэчлэл” хөтөлбөрийн зохицуулагч, хуульч, Ц.Арвинтариагаас тодрууллаа. 

-Монгол Улсад эмэгтэй­чүүдийн эрхийг хамгаалах, ажлын байрны бэлгийн дарамтыг үл тоох хандлага байдаг гэлээ. Энэ талаар тодруулж ярихгүй юу? 
-Олон улсын нисэх онгоцонд Монголын төрийн өндөр албан тушаалтан ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэх ноцтой асуудал үүслээ. Монгол Улсын хэмжээнд энэ бол нэлээд ноцтой асуудал болсон. Тиймээс албан ёсны шаардлагыг манай эвслийн зүгээс УИХ-ын гишүүдэд хүргүүлж байна. Ажлын байрны бэлгийн дарамт бол хувь хүний халдашгүй байдал, нэр төр, аюулгүй байдалд халдсан үйлдэл юм. Ийм зүйл битгий байгаасай гэж хүсэл зорилгоороо нэгдэж, бид сүлжээ байгуулсан. Монголын маш олон төрийн бус байгууллагууд нэгдэж орлоо. Бэлгийн дарамтад орсон хохирогч тэр болгон ил гарч ирдэггүй. МИАТ-ийн онгоцны үйлчлэгчийн өгзгөнд хүрсэн бол ил гарч түүнийг зарлаж чадахгүй байлаа. Учир нь тэр хүнийг хамгаалах эрхзүйн орчин байхгүй. Хүний эрхийн үндэсний комисст мэдээлж болно гэсэн хэдий ч тэр гомдлыг нь хүлээж аваад хариуцлага тооцох механизм алга. Энэ байдал нь Монгол Улсад бэлгийн дарамтыг хавтгайруулж байгаа. 

-Ер нь ийм тохиолдол өмнө нь гарч байсан уу. Манайд бол тоглоом тохуу болгоод л өнгөрөх бололтой? 
-Энэ бол ичгүүртэй явдал. Эмэгтэй хүн болж төрснийхөө төлөө бэлгийн дарамтад өртөж болохгүй биз дээ. Хэдэн жилийн өмнө герман бүсгүй Монголд аялсан тухайгаа блогтоо тэмдэглэл оруулсан байсныг та бүхэн санаж байгаа байх. Тэрбээр, “Монголд хамгийн аймшигтай зүйл нь хүүхдээсээ эхлээд хөгшин хүн хүртэл миний биед ямар ч зөвшөөрөлгүйгээр хүрч байсан. Тэр бол маш аймшигтай байсан” гэж бичсэн байлаа. Гэтэл манайхан хоёр тал болж хэрэлдсэн. Нэг хэсэг нь яах гэж ирсэн юм, манай улсын нэр хүндийг унагалаа гэсэн. Нөгөө хэсэг нь байж боломгүй үйлдэл гэж үзсэн байдаг. Мөн Японд монгол залуу мөн л бэлгийн дарамт үзүүлж, хормойг нь сөхсөн үйлдэл гаргасан. Солонгост сая ийм асуудал гарлаа. Энэ бол байж боломгүй зүйл. Бурангуй үзэл шүү дээ. Дэлхий нийтийн хандлага шал өөр болчихлоо. Бид XXI зуунд амьдарч байгаа гэдгээ ойлгох ёстой юм. 

-Бэлгийн дарамт үзүүлсэн нь бус тэр мэдээллийг задал­сан эмэгтэй нь буруутан бо­лоод өнгөрдөг хандлага тогтлоо шүү дээ?
-Ийм хандлага гаргасан хү­нийг хүлээн зөвшөөрч болох­гүй. Дуу нэгтэйгээр эсэргүү­цэх цаг үе ирсэн шүү. Хүүхдүүддээ сайн хэлж өг. Эмэгтэй хүний биед хамаагүй хүрч болохгүй гэдгийг ойлгуул. Эрэгтэй, эмэг­тэй ямар ч хүйстэй хүнд хамаа­гүй хүрч болохгүй гэдгийг хүүхэд, залуустаа хэлж өгөхгүй бол болохгүй юм. Дэлхийгээр нэг шившгээ тарилаа. УИХ-ын даргыг БНСУ-ын талаас уучлалт гуйгаасай гэж хүсч байна. Бэлгийн дарамт үзүүлсэн хүний үйлдсэн хэргийг бүрхэгдүүлэх гэж оролддог, эсвэл нийгмийн хандлага буруу байгаагаас болсон уу хүний үйлдлийг асар их хаацайлдаг. Хөөрхий дөө, энэ хүний цаана үр хүүхэд, эхнэр байгаа гэх мэтээр өмгөөлж, хамгаалдаг. Энэ мэт байдлаас болоод охид, эмэгтэйчүүдийн нэр хүнд нийгэмд маш их унасан. “Корейн Эйр”-ийн онгоцонд хийж байснаас МИАТ-аараа нисээд монгол эмэгтэйгээ ингэхгүй яав даа гэх мэтээр  даапаалж байна. Энэ бол монгол эмэгтэйчүүдийг, ээжүүдээ, эхнэрүүдээ дорд үзсэн үйлдэл гэж хэлнэ. Ийм зүйлийг халхалж, хаацайлах тусам байдаг л юм байна, байх ёстой гэсэн ойлголт хандлага олон нийтэд түгэх учраас үүнийг таслан зогсоох ёстой юм. Монголд гурван эмэгтэй тутмын нэг нь ажлын болон сургуулийн орчинд бэлгийн дарамтад өртдөг. 

-Охид, эмэгтэйчүүдийн эр­хийг хамгаалах талаар хууль эрхзүйн орчин ямар бай­на вэ. Эрүүгийн хуульд бай­сан зүйл заалтыг өөрчлөөд Зөрч­лийн хууль руу оруулчихсан юм билээ? 
-Жендерийн эрх тэгш байдлын тухай хуульд заалт байдаг. Төрийн албаны тухай хуульд заалтад байдаг. Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад 12, 4 гэсэн заалтыг оруулж байсан. Гэтэл 2017 онд Эрүүгийн хуулийн шинэ­чил­сэн найруулгад өөрчлөлт оруулахдаа энэ хоёр зүйл заалтыг бүхэлд нь хассан байдаг. Монгол Улс бол НҮБ-ын гишүүн орны хувьд нэлээд үүрэг хүлээсэн. Тиймээс НҮБ-аас удаа дараа зөвлөмж өгч, хууль эрхзүйн орчноо боловсронгуй болгох шаардлагатай, ажлын байрны бэлгийн дарамтыг хуульчлах шаардлагатай гэж үзсэн байдаг. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаас ажлын байрны бэлгийн дарамт гэсэн зүйл заалтыг хассан нь охид, эмэгтэйчүүдийн эрхийн эсрэг үйлдэл болсон. Тиймээс 12, 4 гэсэн заалтыг нэмж оруулах ёстой гэж үзэж байгаа.  

 

Б.Эрхэс