Төр иргэдээ дээрэмддэг. Дээрэмдэж л байг. Тэгэх ёстой юм. Хуулиа л дагана гэдэг шиг дээрэмчдийн гаргасан шийдвэр, хууль журмыг дагахгүй бол “цаазлуулна”. Адгийн наад зах нь он гарангуут нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэнэ. Өмнө нь мэдэгдэхгүйгээр жаахан жаахнаар нэмчихсэн. Төлөхгүй гээд яах вэ. Цалингаас шууд суутгагдах юм чинь мянга хашгираад нэмэргүй. Хууль журам нь тийм юм. Тийм болохоор хуулиа дагацгаая, таминь ээ. Бидэнд гарц байхгүй. Төрийн эрх барьж байгаа хууль баталж хэрэгжүүлэхийг шаарддаг төрийн албаныхан маань өдөржин шөнөжин уншиж судалж, сэтгэл оюунаа чилээн байж баталсан хуулийг нь дагаж тэдэндээ хүндэтгэл үзүүлцгээе.
Төрийн албаныхан улсын зардлаар хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж байна. Хүйтэн нойтонд хүүхдүүдээ хөтлөөд автобусанд суултай биш. Утаанд хордчихно, ард түмэнтэйгээ автобусаар явбал хувцас хунар нь хир даг болчихно, эвгүйтвэл өвчин ч тусч мэднэ. Улс машин гаргаж өгөөд, шатахуун хийж өгөөд байхад нийтийн тээврээр хүүхдээ явуулна гэдэг дэндүү тэнэг хэрэг. Даргын хүүхэд бол даргынх.
Ард түмний мэдэлд байх байгалийн баялаг, газар доорхи алт эрдэнэсийг хэдхэн хүн хүртэж байна. Цөөн хүн цадахаараа, олон хүн хүртэхээрээ гэдэг. Гурван сая гаруй хүн хувааж хүртэхээр юу ч болохгүй учраас цөөхөн хэдэн хүн нь тэрийг ухаж баяжиг. Илүү заяатай гадныханд илүүчилж байгааг нь бас буруутгах аргагүй. Иргэн хүн ядуу учраас машин техник байхгүй болохоор ухаад авч чадахгүйгээс хойш чаддаг нь авч л байг.
Жирийн бизнесмэнүүд, жижиг аж ахуй эрхлэгчдийн авч “эргэлдүүлэх” ёстой сангийн мөнгийг парламентч нар ихэнхийг нь авчихсан. Авч л байг. Адаглаад л тэд мөнгөтэй байвал сонгуулийн үеэр арав хорин мянган төгрөгтэй болно. Хуваагаад л цохичихоос хойш араас нь нэхэл дагал болж гоншгонохоо больцгооё. Хоосон бол тэд маань бидэнд юугаа өгч, тархийг минь савандах билээ.
Төр маань биднийгээ боловсон дээрэмдэж байна. Тайван амгалан шулуулцгаая.