Хүй долоон худагт морь дагах зам барих санаачилга гараад байгаа. Хурдан морины уралдааны үеэр морь дагаж машин давхихаар тоос их босдог. Газар дэлхийгээ ч сүйдлээд байна. Тийм болохоор засмал зам тавья гэж байгаа юм билээ. Зөв, хурдан морь уяна, уралдуулна гэдэг өндөр албан тушаалтай, баян хүмүүсийн хийдэг ажил болсон. Тэд хурдан морьдоо уралдуулахын хажуугаар ганган жийпнийхээ хүч чадлыг ч давхар сорьдог нэг талбар нь наадам. Хүй долоон худагт жилийн жилд морь болон машины уралдаан давхар болсоор удаж байна.
Эрхэм баячууд минь өчнөөн жил шороо тоос боссон донсолгоотой замаар хоорондоо уралдлаа. Одоо энэ ядуу сэтгэлгээгээ халах хэрэгтэй. Тэд минь сайхан дардан замаар морио дагаг л дээ, энэ чинь. Манай иргэд зам барих гэлээ, буруу, баячууд өөрсдийнхөө зугаа цэнгэлийг бодлоо гэж ирээд л эсэргүүцээд байх юм. Угаасаа татвар төлөгч бидний мөнгийг эрхэм уяачид л зарцуулах эрх мэдэлтэй байгаа биз дээ. Тэд зам барина л гэсэн бол барина. Тиймээс зүгээр л замаа барихыг дэмжээд, тав тухтай морио дагаж уралдацгаах эрхийг нь өгөх хэрэгтэй. Морь дагахдаа тав тухтай давхиад, сайхан зантай болоод, иргэд бидэндээ зориулж зам тавьж өгөх ч юм бил үү. Монгол ардын цэцэн үгэнд “Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ” гэж байдаг даа. Уяачид минь замтай болж байвал үзээч бид ч бас замтай болно л гэсэн үг. Хамгийн гол нь дарга нараа л бид тав тухаар дутааж болохгүй.