Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарын хорих хугацааг сунгах эсэхийг шийдэх шүүх хурал маргааш 09.30 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ.
Тэднийг 2018 оны дөрөвдүгээр сарын 1-нд сэжигтнээр татаж, баривчлах ажиллагаа явуулсан учраас хорих хугацаа маргааш дуусч байгаа юм байна.
Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын Ерөнхий Газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус бүр нэг сар цагдан хорих шийдвэрийг энэ сарын эхээр гаргасан байдаг. Тэгвэл цагдан хорих хугацаа нь дуусч байгаатай холбогдуулан прокуророос С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлжээ. Харин Татварын Ерөнхий Газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсанг үргэлжлүүлэн хорих тухай санал одоогоор гаргаагүй байгаа аж.