ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Казах ахан дүүстээ хэдий болтол хүнийрхэж хандах юм бэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-14

-Боловсролын тогтолцоог хөндсөн нэвтрүүлэг эцэстээ казах, монгол иргэдийн талцаж хэрэлдэх, хуваагдах сэдэв болох юм гэж хэн санах билээ- 

МҮОНТ-ийн “Эрэн сурвалж­лах нэвтрүүлгийн баг”-ийн Баян-Өлгий аймгаас бэлт­гэ­сэн хоёр цуврал сурвалжилга нийгмийн анхаарлын төвд байна. Тодруулбал, энэ сарын 02-ны өдөр цацагдсан “Нэг улс хоёр хэлний бодлого”, мөн сарын 09-ний өдөр цацагдсан “Хязгааргүйн хязгаарт” гэх хоёр нэвтрүүлгийн үндсэн зорилго нь боловсролын салбарын алдаатай бодлого, хос хэлний сургалт үр дүнгээ өгч буй эсэх, мөн багшлах боловсон хүчний ур чадвар, үндэсний цөөнхийн боловсрол эзэмших орон зайг үл тоосон төрийн бодлогын асуудлыг хөндсөн гэж үзэгчийн хувиар дүгнэхийг хүслээ. Гэвч “үндэстний цөөнх” буюу казах иргэдийн талаар хөндсөн энэ нэвтрүүлэг үндсэн сэдэв, агуулга зорилгоосоо хэт хазайж казах, монгол иргэдийн зөрчлийг улам хурцатгах зэвсэг болох юм гэж хэн санах билээ.

Ядахад, Монгол Улсын Ерөнхий сайд нь 25 жилийн дараа Казахстан улсад албан ёсны айлчлал хийж, олон салбарт хамтын ажиллагааг хөндчихөөд ирсэн цаг үетэй давхцаж цацагдсан учраас үндэстний цөөнхийг үл тоох, тэднийг гадуурхах сэдлийг нийгмийн сүлжээнд бий болгосон нь харамсалтай. Нэвтрүүлгийн баг хамт олон ийм сэдэл агуулаагүй гэдэгт бүрэн итгэлтэй байна. Гагцхүү асуудлыг хэтэрхий хүндээр тусгаж авсан монголчууд, тэр дундаа залуу үе маань нийгмийн сүлжээнд юу дуртайгаа бичиж, бараг л Баян-Өлгий аймгийн газар нутгийг буцааж аваад, казах иргэдийг Казахстан руу нь хөөж явуул хэмээн дөвчигнөж байх юм. Харин энэ үзэл бодлыг нь уншиж суугаа казах иргэд юу бодож суугаа бол. Энэ бол амны зоргоор ярьдаг, эсвэл соошл орчинд агсам тавих сэдэв огт биш. Үзэл бодол нь тогтворжсон, нийгмийн салбарт хөдөлмөр эрхлээд явж буй иргэд ч соошл орчинд яг энэ асуудлаар “хуурай агсам” тавьж байгаа нь нэвтрүүлгийн үнэ цэнийг унагаж, үндэстний цөөнх рүүгээ хэтэрхий дайрч давшлах нь харамсалтай байлаа. Мөн нэвтрүүлэгт оролцож буй эрдэмтэд ч яг ийм утга агуулгатай зүйл ярьж, нэвтрүүлгийн төгсгөл хэсгийг хийж байгааг ч санаатай үйлдэл үү, эсвэл санамсаргүй үйлдэл байв уу гэдгийг ялгаж салгахад хэцүү байсныг нуух юун. Жирийн үзэгчийн хувиар нэвтрүүлгийг үзээд зөвхөн боловсролын асуудлыг хөндөв үү, эсвэл зорилго, чиглэл нь өөр байв уу гэдгийг ойлгоогүй үлдлээ.

Тэгэхээр казах иргэдэд ямар сэтгэгдэл төрсөн нь ойлгомжтой байгаа биз. Боловсролын асуудлыг хөндөхдөө ч, соёл, газар нутгийн нэршлийн асуудлыг хөндөхдөө ч сэтгүүлчийн зүгээс хэд хэдэн удаа “Казах иргэд Монгол Улсын албан ёсны хэлийг үл тоож байна, дуртай нэрийг газар усандаа өгч байна” гэсэн утгыг хөндөж, нөгөөтээгүүр яг ийм утга агуулгатай эрдэмтний үгээр нэвтрүүлгээ төгсгөж байсан нь нэг улсын дээвэр дор аж төрөн амьдарч буй иргэд казах, монголоороо талцан хэрэлдэх шалтгаан болсныг хэлэх нь зүйтэй билээ. Уг нь уул усны нэр солихдоо Их хурлаар ярилцаж, аймгийн ИТХ-аар шийдвэр гардаг гэдгийг захын хүн ч мэднэ. Харин “Хар толгой” гэх газрыг казах хэлээрээ л “Кара Төбе” хэмээн биччихсэн харагдав. Түүнээс шал өөр нэр өгсөн асуудал огтхон ч биш. Кара гэдэг нь казахаар хар, төбе гэдэг нь толгой гэсэн үг. Мөн Монголын түүхэнд байхгүй жанжин гэх “Ер Женибек Тау” гэх хүний нэрээр нэрлэжээ хэмээн ярив. Гэвч түүх эргэн харвал,  Шинжянь дахь казах иргэд ч Баян-Өлгий аймагт ирж суурьшсан байдаг. Тэр утгаараа өөрийнх нь угсаа гарвалд үнэ хүндтэй нэгнээр гудамж талбайгаа нэрлэх нь асуудал биш санагдах юм. Бид тухайн үндэстний өв соёл, ёс заншил, түүхэн баатар, гавьяа зүтгэлтэй хүмүүсийг нь хүндлэх л ёстой. Гагцхүү гудамжны нэр тавихдаа хос хэлний стандартаа мөрдөөгүй, үүнийг засч залруулах ёстой гэдэг нь өөр зүйл юм.

 

Нэг хоёрхон сургуулийн хүүхдийн асуудлыг нийтэд нялзаах нь зөв үү 

Монгол Улсын Үндсэн хуульд “Төрийн албан ёсны хэл бол Монгол хэл мөн” хэмээн заасан ч тухайн хүүхдийн амьдарч буй орчин, харилцаж буй хэл яриа ямар байгааг ярихгүй өнгөрч болохгүй. Баян-Өлгий аймгийн хүн амын 95 хувь нь казах үндэстэн. Тэгээд ч Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6.1.2.-т “хүүхэд төрөлх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалыг өвлөн эзэмших эрхтэй” хэмээн заасан учраас “Чи монгол хэл сураагүй атлаа, казахаар ярилаа. Чи Монголд сурахгүй гээд Казахстанд сурахаар явлаа” хэмээн буруутгах нь хэр зүйд нийцэх асуудал вэ. Нэвтрүүлэгт хөндсөн Улаанхус суманд гэхэд л тува, урианхай, дөрвөд, халх айл нэг ч байдаггүй бөгөөд 100 хувь казах иргэд амьдардаг. Тэд хоорондоо казахаар л ярина. Хэлд орохдоо ч ярина. Харин албан ёсоор хоёрдугаар ангиас нь хос хэлний сургалт буюу монгол хэлээр хичээл орох ёстой ч энэ нь учир дутагдалтай байгааг хөндөх ёстой юу гэвэл ёстой. Гэтэл ЕБС-ийн цөөхөн хэдхэн учраа мэдэхгүй хүүхдүүдийн яриагаар үндэсний хэмжээний ийм том асуудлыг хөндөнө гэвэл арай өөр ойлголт.

Тухайлбал, Боловсролын хүрээлэнгийн Боловсролын судалгааны секторын эрхлэгч У.Туяа гэх хүн Казахстан улс бараг л бодлогоор сурах бичиг оруулж ирсэн мэтээр асуудлыг өөрөөсөө зайлуулах оролдлого хийлээ. Уг нь энэ салбарт 10 жил ажилласан хүн юм бол казах хүүхдүүдийн хэлний онцлог, сурах арга барилд алдаа дутагдал байгааг ярьж хэлж, энэ чиглэлийн сурах бичиг гаргах, хос хэлний бодлогыг эрчимжүүлэх, багшлах боловсон хүчинд төр бодлогоор анхаарах талаас сургалтын бодлогоо чиглүүл хэмээн дуу хоолойгоо гаргаж байх ёстойсон. Гэтэл төр нь таг мартчихсан атлаа “Казахстанаас сурах бичиг оруулж ирээд, тэрнийх нь нэгдүгээр нүүрт Ерөнхийлөгч нь байсан учраас тэр улсын иргэн гэж боддог” гэсэн инээдэмтэй, эмгэнэлтэй тайлбар өгөөд сууж байгаа нь ичмээр биз дээ. Тус аймагт төрийн өмчийн 37, хувийн зургаа, нийт 43 сургууль үйл ажиллагаа явуулдаг талаар нэвтрүүлэгт дурдаж байна билээ. Харин ердөө хоёр сум, аймгийн төвийн хоёр сургуулиар ороод л үндэсний цөөнхийг нийтээрээ тийм байгаа мэтээр ойлгож болохгүй л дээ. Өчигдөрхөн Өлгий сумын тавдугаар бүрэн дунд сургуулийн сурагч Ж.Саяжан “Үндэсний бичиг соёл” тэргүүний уншигч шалгаруулах улсын уралдаанд тэргүүн байр эзлээд явж байх юм. Энэ нэг зүйлийг хэлээд өгөө биз. Нэвтрүүлгийг үзэх явцад хэл сурах сонирхолгүй, эсвэл дургүй байдаг талаар хэн нь ч яриагүй. Харин үзсэн монголчууд л ингэж ойлголоо.

Сургалтын орчин, арга барил, казах хэлтэй багшлах боловсон хүчний асуудлыг ярина гэвэл арай өөр зүйл. Нэвтрүүлгийн камер байтугай ангийн нөхдийнхөө өмнө гараад ч ичиж түгдрэх, ярьж чадахгүй тулгамдах зүйл бидэнд тулгардаг. Тэр бүрийг хэлээ мэдэхгүйгээс гэдэг юм уу, эсвэл монгол хэлийг үл тоосноос ийм авир гаргалаа хэмээн мушгин гуйвуулж, бүр эх орноосоо хөөж тууя хэмээн тэнэглэх нь хэр зохистой хандлага вэ, монголчууд аа. Казах иргэдийн үүх түүх, өв соёлд монголчууд эртнээс гүн хүндэтгэлтэй хандаж ирсэн түүхтэй юм шүү. Бид харилцан нэгнээ хүндэтгэж, хамгийн хүнд хэцүү цаг үед ч дотно нөхөрлөж явсан ард түмэн. Ерөөс казах иргэд Монголын ард түмэнтэй хүнд хэцүү, түүхэн цаг үе бүхэнд хамт байсныг яагаад ярьдаггүй юм. Яагаад өөлөх жаахан сэдэв гарч ирвэл өлгөж аваад л сэвж, хүнийрхэж ханддаг юм бэ. Хэвлэл мэдээлэл нь хүртэл ийм үзэл хандлагыг дэвэргэж сууна гэдэг буруу. Хэдхэн жилийн өмнө мөн л казах иргэдийн тухай “Хажууд чинь Аллах акбар” гэсэн нийтлэл гарч байсныг санаж байна. Тэр нийтлэлд бараг л террорист бүлэглэл мэтээр мушгин гуйвуулсан байсан нь хэчнээн олон жил ярианы сэдэв болсон гэж бодно оо. Монгол Улсын түүхийн бүхий л цаг үед бидэнтэй хамт явсныг өнөөдөр залуу үе маань мартаж, харин энэ цаг үед гарч буй хэтэрхий туйлширсан нийтлэл, нэвтрүүлгээр казах иргэдийг дүгнэж, цэгнэж, улам бүр нэгнээсээ холдож байгаа нь харамсалтай. 

УИХ-ын гишүүн Д.Мурат: Бид түүх, өв соёл, уламжлалаа харилцан хүндэтгэж ирсэн ард түмэн

МҮОНТ-ийн “Эрэн сур­валж­лах баг”-ийн Баян-Өлгий айм­гаас бэлтгэсэн хоёр цув­рал нэвтрүүлгийн талаар, тэнд хөндсөн асуудлын та­лаар УИХ-ын гишүүн Д.Мурат ямар байр суурьтай бай­гааг тодруулахад “Казах, Монголын ард түмэн олон зуу­ны тэртээгээс түүх, өв соёл, уламжлалаа харилцан хүн­дэт­гэж ирсэн, угсаа гарал нэг­тэй ахан дүүс. 1921 оны хувьс­галын цаг үед хамтдаа л зов­лон, жаргалаа туулсан. Халх голын тулаан, Монгол орон даяар өрнөсөн бүтээн бай­гуулал­тад Монголын казах иргэд өөрийн хүч хөдөл­мөр, оюун ухаанаа зар­цуу­лан хөдөлмөрлөсөн. Тухайлбал, Налайхын уур­хайд гэхэд л казах иргэд ажил­лаж, тэндээс олон олон Хөдөл­мөрийн баатрууд, гавьяат төрөн гарсан түүхийг манай залуу үеийнхэн мартах учир­гүй юм. Хөдөлмөрийн баатар Н.Залиль, А.Орногвай, Т.Окобал, У.Малвет, Ж.Батлай, Д.Чанкий, Гавьяат уурхайчин Ч.Адрес, З.Жавлай, Ж.Сайполда, Х.Кадас, Ө.Шаравхан, Н.Барьный нарын хийж бүтээс­нийг түүх гэрчилнэ. Казахын ард түмэн үнэхээр хөдөл­мөрч. Өнөөдөр Баян-Өлгий аймгийн хүн амынх ихэнх нь эсгий гэрээс тат­гал­заж, дулаан паар­тай бай­шинд амьдардаг боллоо. Ядуу гуйлгачин хүн тэнд байх­гүй. Хэдийгээр алс­лагд­сан аймаг, ажлын байраар хомс ч гэсэн бүгд дор дороо хөдөлмөрлөж, амьдрал ахуйгаа өөд татан амьдарч байна. Их Эзэн Чингис хааны үеэс ч өв, соёл, зан заншлаараа нэгдэж явсан үндэстэн ястнууд. Монгол омгийн хэрэйд, най­ман, жалайр, хонгирад овог аймгууд Их Монгол Улс гэх нэгэн дээвэр дор зан­ги­лаг­даж, явсныг түүхэн эх сур­вал­жуу­дад тэмдэглэн үлдээсэн байдаг. Тэмүүжинг тэвдэж явахад дотно нөхөрлөж явсан Хэрэйд аймгийн удирдагч Тоорил хан, түүний дүү Жаха Хамбугийн охин Сорхогтани Бэхи нь Чингис хааны бага хүү Тулуйн их хатан байсныг ч “Монголын нууц товчоо”-ноос уншсан байх. Сорхогтани Бэхи хатан Хубилай, Мөнх, Хүлэгү, Аригбөх гэсэн дөрвөн хүү төрүүлж өгсөн, Монголын түүхэнд тод мөрөө үлдээсэн хатан байсан.

Энэ мэт бид олон зүйлсээр нягт холбогдсон ахан дүүс. МҮОНТ-ийн эрэн сурвалжлах нэвтрүүлгийг үзсэн. Нэвтрүүлгээр сурах орчин, багшлах боловсон хүчин, сургах арга барил, сургалтын материалын асуудлыг хөндсөн нь зөв. Гэхдээ монгол хэлээ үл ойшоож, монгол хэлийг сурах явдалд ач холбогдол өгөхгүй байна гэж ойлгож болохгүй. Асуудлыг олон талаас зөв өнцгөөс харах нь чухал.

Хөнгөн хийсвэр, сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаж нэвтрүүлгийг өөрийн үзэл бодолд хүчээр нийцүүлж болохгүй. Ард түмний эв нэгдэл хамгаас чухал гэдгийг ямагт санах ёстой. Боловсролын тогтолцооны асуудлыг ярих цаг болсон. Олон жил ч ярьж байгаа. Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайд Казахстан улсад олон жилийн дараа түүхэн айлчлал хийж, олон жил түгжигдсэн байсан харилцаа эргэн сэргэж байгаа энэ цаг үед бид асуудлыг бодитойгоор харж эх орныхоо хөгжил цэцэглэлтийн талаар ярих учиртай юм. Миний хувьд Монгол-Казахстаны бүлгэмийн даргын хувьд энэ айлчлалд оролцоод ирсэн. Маш чухал олон асуудлыг хөндөж, Зүчи хааны бунхныг хоёр улс хамтран аялал жуулчлалын бүс болгох талаар харилцан ярилцан ажил хэрэг болгох гэж байна” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлэв.

 

Жалга довны үзлээс залуус нь хүртэл салаагүй байна 

Тэд ийм байр суурийг илэрхийлж байна. Угтаа, Д.Мурат гишүүний хэлсэнч­лэн бид бүтэн зууны турш эвлэлдэн нэгдсэн учраас харилцан бие биедээ ямагт хүндэтгэлтэй хандаж ирсэн ахан дүүс. Монголын төр казахын ард түмнийг үүх, түүх, өв соёлоо хадгалан үлдэх талд нь цаг үргэлж анхаарч ирлээ. Казах иргэд ч Монгол нутгийг эх орноо хэмээн нэрлэж, хайрлаж, хүндэлдэг. Тэд энэ олон жил өв соёл, үүх, түүх, удам судраа ямагт цэвэр ариун байлгаж ирлээ. Бид харин тэгж чадаж байна уу. Омог дотроо гэрлэхгүй гэсэн хатуу хуулиа дагаж мөрддөг. Аксакал нар нь өв соёл, үүх түүхээ ямар мундаг хамгаалан үлдэж, залуу үедээ өвлүүлж байна вэ. Гэтэл бид тэднийг энд нэгхэн нэвтрүүлгийн цөөхөн баримтад тулгуурлан муулаад сууж болохгүй байлтай. Нэвтрүүлгийн гол дүр байсан Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн болох Ц.Өнөрбаян докторын “Би монгол үндэстэн биш ээ, өөрийнхөө хэлээр ярих ёстой гэсэн туйлширсан хандлага хэзээ ч байж болохгүй” гэсэн үгэнд эмзэглэсэн тухайгаа казах иргэн нүүр номондоо бичиж. Учраа мэдэхгүй тэдгээр жаахан хүүхдүүдийн дотор тийм бодол нуугдаагүй гэдэгт итгэлтэй байна.

Гагцхүү төр засгийн бодлого үндэстний цөөнхөө мартаж орхисныг, тэнд нь ажиллаж буй боловсон хүчний асуудлыг энэхүү эрэн сурвалжлах нэвтрүүлгийн буянаар анхаарч эхэлнэ гэж найдъя. Ерөөс монголчууд бидний бусдаас л өө эрдэг муухай монгол зан хэзээ ч засрахгүйг ажиглаж сууна. Дотооддоо асуудлаа шийдэж чадаагүй, утааны хэрүүлээ хийсээр байгаа атлаа Төв Ази дотроо хамгийн эрчимтэй хөгжиж буй Казахстаныг үзэн ядах, үл тоох хандлага ч хүчтэй илрэх юм. Ижил гараанаас уралдсан атлаа бид тэр улсын аль хэмжээнд хүрч хөгжиж яваа билээ гэдгээ бодъё.

Аймгийн төвийн гудамжны нэршил утга агуулгаа алдсаныг хөндөх атлаа Улаанбаатар хот дотроо юу гэгчийг бүтээсэн билээ. Нөгөө сүр болгон баталсан Монгол хэлний хууль нь улсын нийслэлд хэрэгжив үү. Үндэсний бичиг үсгээрээ хаягаа хандсан албан байгууллага тоолбол хэд байна. Малчин өвгөн орж ирээд төөрөхөөр их англи хаяг, англи нэр байгаа. Монгол хэлний бодлого нь Баян-Өлгий аймагт байтугай улс даяар алдагдаж, арван үг ч зөв бичиж чадахгүй, англи, монгол хольж ярьсан нэгэн үе ирж явааг бас хөндмөөр байгаа юм. 2010 оноос хойш л хос хэлний сургалтын асуудлыг ярьсан. Хос хэлний сургалт яагаад зөв гольдролдоо орохгүй байгааг, төрөөс яагаад анхаарахгүй орхисныг дахиж сөхсөн сэтгүүлчийн өнцөг рүү өнгийхгүй атлаа наагуур нь өнгөцхөн дүгнэлт хийж, казах, монголоороо талцаж хэрэлдэх нь утгагүй юм шүү. Жалга, довны энэ үзлээ манай залуу үе хүртэл гээж чадахгүй байгаа нь харамсалтай.