ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Утаагүй болчихсон чинь уур хүрээд байна

А.ОДСҮРЭН
2019-11-18

Стресстэх юм багасаад ирэхээр уур хүрээд байдаг болчих юм. Утаа их байна, түгжрээд най алга гээд хэнд ч юм уур хүрээд хэрэлдмээр санагдаад байх чинь бас л таатай мэдрэмж байжээ. Энэ өвөл утаа бага байна гээд хүн болгон яриад байхад хэвлэл мэдээллийн ганц нэг сайт “Утаатай л байна, хар л даа” гээд байгааг хараад бас ч гэж яах вэ, баярлаад л сууж байна. Хотын гудамж замыг түгжрэлд оруулаад байдаг сургуулийн хүүхдүүдийг автобустай болгож журамлалаа. Бухимдал нэгээр буурах нь, балай юм. Түгжрээд, угаартаад явж байсан бол хэчнээн сайхан.

 Ирээд үзэх юмтай, гэртээ хариад ярих юмтай байсан бол хэчнээн сайхан. Ингэхэд би галзуурч байгаа юм биш байгаа. Үгүй байх. Монголчуудын таван хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй гэж мэргэжилтнүүд яг зөв дүгнэж, судалсан байна. Сэтгэцийн эмгэг юунаас төрж байна гэхээр, ихэнх нь зөв юмыг буруу гэж дүгнэж, буруу зүйлийг зөв гэж яриад байхаас л болж байгаа болохоор аргагүй. Ухаандаа эцэг хуулийн манаач харь орны яхир хүүхний өгзөг базаж байснаас монгол хүүхнийхийгээ барьсан бол үсрээд л алганы амт үзнэ, эсвэл хараалгуулаад л болчих байж.

Улаанбаатар утаатай байхад нь утаагүй байна, гоё байна гээд л ярихад болчих байж. Үндэсний фронтынхон гээд хэдэн хөгшчүүдийг “хагас галзуу”-чууд гэж өрөвдөж нэг, өшиглөж нэг үзэж байна. Хагас галзуу гэснээс Монголоор дүүрэн хагас галзуучууд байна. Таван хүний нэг нь гэж үзвэл нийт улсын хүн амын тавны нэг нь хагас галзуучууд байх нь. Галзуу гэдгийг өвчтэй солиотой, сэтгэцийн өөрчлөлттэй, гажиг амьтад гэж тодорхойлж болох ч төр засаг нь ард иргэдээ ийм болгочихсон болохоор яалтай ч билээ.

Галзуу хүнийг дэргэд нь галзуу гэж хэлж болдоггүй юм гэнэ билээ. Төрийн ордны хашаагаар давж ороод Төрийн ордон руу дайръя гэж байгаа хагас галзуу хэдэн нөхдөө байгаагаар нь хайрлая л даа. Харин тэднийг хагас галзуу болгосон УИХ-ын гишүүдээ бодохоор аархмаар санагдаад байна. Яаж бүхэл бүтэн хүнийг, хүмүүсийг ингэж галзууруулж чаддаг байна. Их ухаан, их бодлого шүү. Аргагүй л төрийн хүний ухаан юм.

Ирэх жил ЖДҮХС гэхчлэн бага хүүтэй их мөнгө зээлүүлдэг сангаас Их хурлынхан, сайд дарга нар авахгүй, бүр больчихвол яах вэ. Уг нь уур хүрч, бухимдаж, стресстэж л баймаар байх юм. Бас жирийн иргэдийн, ажил хөдөлмөр эрхлэгчдийн цалингаас албадан суутгадаг нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулчихвал яана аа. Уурлаж бухимдах асуудал бүр л багасаад ирнэ. Хүн амьдрахад таатай хотуудын иргэд яаж юунд ч санаа зовохгүй, бухимдахгүй, уурлахгүй амьдарч чаддаг байна аа. Монгол хүн тийм улс оронд бол ёстой амьдарч чадахгүй байх шүү. Эндээ, дөрвөн уулынхаа дунд эрх чөлөөтэй галзуураад л явж байвал жаргал тэр. Уурламаар байна, бухимдмаар байна, стресстмээр байна, яах билээ.