Амьдрал хайр дээр тогтдог гэж худлаа юм байна. Орчин цагт амьдрал шуба дээр, брэндийн хувцсан дээр, мөнгөн дээр тогтдог болсон юм байна. Эхнэр нь нөхрөө шуба авч өгсөнгүй гэж амиа хорлохыг завдсан гэнэ. Цахим сүлжээгээр нэг цамнасан коммент. Айлын нөхөр эхнэртээ шуба авч өгч гэнэ, манай мангар л байдаггүй гэж бухимддаг хүүхнүүд маань яг тэр үед шуба нэхэгч амиа золиослогчийг хэдэн өдөр муулан хов базлаа.
Ухаарсан, гэгээрсэн байгаасай гэж эрчүүдийнхээ өмнөөс ерөөмөөр санагдтал ярилаа. Хөөрхий эрчүүдийн маань санаа нь бага зэрэг амарсан биз. Олон нийтэд мэдэгдсэн нь тэр болохоос мэдэгдээгүй ийм шалтгаантай хэрүүлүүд зөндөө бий. Машин авч өгсөнгүй гэж салах сарнихдаа тулж байсан эхнэр нөхөр хоёрыг мэднэ.
“Приус” унахгүй гэж бөөн хэрүүл болж байхыг нь харж байлаа. Годон гутал, булган шубагүй эмэгтэй хүн ховор болчихоор ижилсэх, тэднээс дутахгүй байхыг эмэгтэй л хүн болсон хойно хүснэ. Хүсэлд хязгаар бий гэдгийг мэдэх насны бүсгүй. Бас машин амьдралын утга учир биш гэдгийг ч мэдэх боловсролтой нэгэн.
Гэтэл тиймгүй аж. 9911-тэй дугаар баривал ажил аандаа бүтчихдэг гэсэн сэтгэхүйгээсээ салсан цагт л булган шуба өмсвөл хүний тоонд орно гэдэг ойлголт үгүй болох биз. Тийм болохоор эрчүүд ээ, та нарт сонголт үгүй. Эхнэртээ шуба авч өгөх л хэрэгтэй болох нь. Хүний шунал хязгааргүй ч гэлээ хөөрхий бүсгүйчүүд чинь нэг шуба аваад өгчихвөл хэдэн жил өмсөөд явж мэдэх л хүмүүс. Лизингээр, зээлээр авч өг. Эхнэрээ ганган, бас дулаахан явуулъя гэвэл аваад л өгчих.
Та нарын маань цээжинд бүхэл бүтэн морь эмээл, хазаартайгаа багтдаг юм чинь нэг муу булган шубыг яаж л бол яаж аргална даа, уг нь. Хавайн арал руу дагуулж явж, харшид амьдруулж чадахгүйгээс хойш одоо яая гэхэв. Шуба нэхсэн эхнэрийг нь эр, эмгүй буруушааж, адгийн амьтан, шившиг, новш гэснээс биш нөхрийг нь хэн ч муулсангүй. Ингэхэд эр нөхөр нь өөрөө л буруутай. Эдийн сайныг эдлүүлж, амттаны сайхныг идүүлж, хатан мэт амьдруулна гэж авч суучихаад гэрийн авгай, эрийн зарц болгочихдог нь тэд. Урмын ганцхан үг, сайн ханийн халамжинд л уярчихдаг зөөлхөн амьтад шүү дээ, бүсгүй хүн гэдэг чинь. Шуба нэхээд зогсч байгаа нь их юм. Орд харш, үнэтэй машин нэхвэл яана. Амиа хорлоно гэж айлгатал нь битгий зовоо. Аваад л өгчих. Шубаны үнэтэй амь гэж юу байх вэ.