ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Оюутнууд Мөнгөний төлөө биш өөрийнхөө төлөө цагийн ажил сонгодог

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-20

Засгийн газрын тогтоолоор 2016 оноос “Орлоготой оюутан” хэмээх хөтөлбөр  баталсан билээ.  Батлагдсан хугацаанаас  хойш өнөөг хүртэл оюутан залуусыг ажлын байраар хангах тодорхой ажлууд төдийлөн хийгээгүй гэхэд болно.  Тэгвэл  МУИС  улсын хэмжээнд анх удаа “Түр ажлын байрны өдөрлөг”ийг өчигдөр  зохион байгууллаа. Энэ хүрээнд  гурван үе шаттай  үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа бөгөөд хэчнээн байгууллага,  ямар шаардлага тавьж оюутнуудыг ажлын байраар  хангаж байгаа талаар сурвалжилсан юм. 

МУИС-ийн Номын сангийн гурван давхарт  болсон ажлын байрны өдөрлөгт 30 орчим байгууллага оролцож оюутнуудад сонирхсон ажлынх нь дагуу анкет бөглүүлж байв.  МУИС-ийн хувьд  жил бүрийн  хавар нэг удаа төгсөж буй оюутнууддаа 50-60 байгууллага хамруулан ажлын байрны өдөрлөг зохион байгуулдаг аж. 

Оюутнууд суралцангаа ажлын байранд дадлагажих, төгссөнийхөө дараа ажлын ярилцлагад ороход өөрийгөө бэлдэх, бусадтай харилцаж сурах, өрсөлдөөнийг даван туулахад түлхэц болно гэж сургуулийн  удирдлагууд үзэж байсан юм. Нөгөө талаас ажил олгогчид оюутнуудыг орлоготой болгох,  байгууллагынхаа ирээдүйн боловсон хүчнийг дадлагажуулах  замаар  бэлтгэж авахыг зорьж ийнхүү өдөрлөгт оролцжээ.  
Сургуулийн удирдлага,  ажил  олгогч байгууллагын төлөөлөл  өдөрлөгийн  ач холбогдолыг  ингэж харж байгаа бол оюутнууд шоу цэнгээн бус хичээлээс бусад цагаа зөв боловсон өнгөрүүлэх, үнэтэй цагаа зорилготой өнгөрүүлж, зөв дадал хэвшилд суралцахыг эрмэлзэж өдөрлөгт олноороо хамрагдсан нь сайшаалтай байлаа. Бие хүн болж төлөвшихөөс гадна санхүүгийн хувьд эцэг эхээсээ хараат бус байх нь тэдний хувьд тун чухал аж. Үгүйдээ л өдрийн хоол,  хичээлийн хэрэгсэл, номны мөнгө гэж аав ээжийгээ зовоохгүйгээр бие даан суралцах хүсэлтэйгээ илэрхийлж байв. Зарим нь ирэх жилийн сургалтын төлбөрийг цуглуулах зорилго өвөртлөн ийнхүү ирсэн байлаа. Тэд бүр анги хамт олноо уриалан иржээ. Номын сангийн байр ч өмнөх өдрүүдээсээ  хөл хөдөлгөөн ихтэй байв. “Түр ажлын байрны өдөрлөг”-ийн талаар МУИС-ийн Оюутан төгсөгчийн хэлтсийн дарга,  доктор М.Эрдэнэчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Ажил олгогч нарт ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Одоогийн байдлаар 30 гаруй байгууллага оролцож байна. Эдгээр байгууллагуудад  оюутнууд өөрсдийнхөө саналыг хэлж,  түр болон цагийн ажилд зуучлуулан, ажлаа сонгож байна. Анх удаа зохион байгуулж байгаа учир МУИС-ийн оюутнууд  хамрагдаж байна. Цаашдаа өргөжих байх. Ер нь гурван цагаас ихгүй хугацаанд оюутныг ажиллуулах гол шаардлага тавьдаг. Оюутнуудын суралцах чухал зорилгыг хөндөхгүй, алдаа гаргахгүйгээр энэ ажлыг зохион байгуулах ёстой. Бид ажил олгогч нартай гурвалсан гэрээ байгуулах юм.  Нэг талаас ажил олгогч байгууллага, нөгөө талаас ажиллах оюутан, МУИС-ийн “Оюутан төгсөгчийн  хэлтэс” гэсэн гурвалсан  гэрээг байгуулна. Дээрх заасан хугацаанаас хэтрэхгүйгээр ажлын байранд зуучлах байдлаар бүхий л  шаардлага нөхцөлд  нь тохирсон гэрээ хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй. 

-Оюутан  сард хэдэн төгрөгийн  цалин авах боломжтой вэ?
-Цагийн ажлын болон түр ажлын байр гэж байгаа учир цагаар хэмжиж ажлын хөлсийг  тохирно. Ажлын байр олгож буй байгууллагууд санхүүгийн хувьд харилцан адилгүй учир,  тэдний санал болгож буй цалинг сонсоно. Цалингийн дүнг үндэслэж дундажийг нь тогтоож цагийн ажлын хөлсийг олгох байх. 

-Оюутнууд  ямар ажлын байрыг  түлхүү сонирхож байгаа бол. Өөрийнхөө суралцаж буй мэргэжлийн дагуу  ажиллах боломж хэр нээлттэй вэ?
-Нарийн мэргэжил шаардахгүйгээр ойр зуурын туслах,  бэлтгэх ажлуудад оюутнуудыг авдаг. Оюутнууд ч өөрсдөө би энэ ажилд тохирох уу, үгүй юу гэдгээ сонгох ёстой юм. МУИС ойролцоогоор 23 мянга гаруй оюутантай бөгөөд жил бүр оюутнуудынхаа ажил эрхлэлтийн  судалгааг хийдэг.  2017 оны төгсөгчдөд ажлын байрны судалгаа хийхэд  73 хувь нь ажлын  байртай гэсэн судалгаа гарсан. 

Энэ өдөр хувийн хэвшлийн байгууллага өдөрлөгт  ажлын байрны танилцуулгаа хийсэн юм. Ажлын байр сонирхож буй оюутнуудыг ажиглахад 1-2 дугаар курсынх нь туслах ажил сонирхож байсан бол төгсөх ангийнхан суралцаж буй мэргэжлийнхээ хүрээнд түр болон цагийн ажил хийх сонирхолтой байгаа аж. Улмаар ажил олгогч болон зарим оюутны төлөөллүүдээс байр суурийг нь сонирхлоо. 
 
“Транс капитал” ББСБ-ын Хүний нөөцийн менежер М.Саранцэцэг: 

-Манайх 100 хувь зээлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Ихэвчлэн нягтлан бодогч,  зээлийн эдийн засагчийн ажлын байр гардаг. Оюутнуудын хувьд төгсөх курс эсвэл гуравдугаар курсын  оюутны хичээлийн цагийг нь харж байгаад  боломжтой цагаар нь гэрээ байгуулдаг. Цаашлаад сургуулиа төгсөөд ч орох боломжтой ажлын байрыг санал болгож байна. Цалингийн тухайд  хөдөлмөрийн  хөлсний доод хэмжээнээс дээгүүр байхаар тооцсон юм. Ажиллах сардаа хэдэн хоног, хэдэн цаг ажиллах боломжтой талаар тохиролцож байгаад цалин хөлсөө олгодог. Оюутнуудад банк санхүүгийн мэргэжлээр суралцдаг байх шаардлага тавьсан. Өмнө нь манай байгууллага  100 хувь цагийн ажил гэхээсээ илүү төгсөх ангийн оюутныг нөөцөндөө бүртгэж аваад,  сургуулиа төгсөх үед  нь ажлын байраар хангаж байсан тохиолдол бий. 

 

“Бест вестерн пример Туушин”  зочид буудлын Хүний нөөцийн ажилтан,  бүрдүүлэлт хариуцсан мэргэжилтэн Б.Оюут:

-Манайх “Бест вестерн пример Туушин” хэмээх Америкийн таван зочид буудлын албан ёсны нэг салбар нь юм. Зочид буудал өөрөө  24  цагийн тасралтгүй үйл ажиллагаатай гэдгээрээ онцлог байдаг. Тэр ч утгаараа хэзээ ч,  ямар ч цагт ажлын байр бэлэн. Тиймээс суралцаж байгаа оюутан залуус үндсэн цагийн  ажилтан болоод үндсэн цалингаа аваад явах боломжтой гэдгээрээ давуу талтай. Өөрөөр хэлбэл, цагийн  ажлын бага хөлс авахгүйгээр ажиллах боломжтой юм.  Мөн манай Зочид буудал олон улсын сүлжээ учир ажилласан оюутанд олон боломж олгодог. Тухайлбал, оюутнууд баклавраар төгсөөд гадагшаа явж суралцахынхаа хажуугаар ажилладаг. Тэгэхээр ийм томоохон сүлжээ байгууллагад ажиллаж байсан гэвэл ямар ч байгууллага ажилд  авах дуртай байдаг юм. Баруунд хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг шүү дээ. Өнөөдрийн хувьд зөөгч,  хаалгач, кассын ажилтан, зочин угтах ажилтан, бариста гэсэн ажлын байруудыг оюутнуудад санал болгож байна. Оюутнууд ч их сонирхож байгаа. Цалингийн хувьд ч өрсөлдөхүйц гэж үзэж байгаа. Доод тал  нь 640 мянган төгрөгөөс эхэлж байдаг бөгөөд цагийн үнэлгээ нь тусдаа, нэг өдрийг 25-35 мянган төгрөгөөр тооцдог. Оюутнуудаа бүртгээд нөөцөндөө авч үндсэн болон цагийн  ажилтнаар нь ангилдаг. 

 

-МУИС-ийн оюутан Т.Тэлмэн:

-Би Сэтгэл судлаач мэргэжлээр    суралцдаг.  Манай мэргэжлээр ямар нэгэн дадлага хийх,  цалин аваад  түр ажиллах боломж  хомс учраас миний хувьд “Pizza hut” –д  цагийн ажилтны анкет бөглөөд  сууж байна. Цагийн  ажил хийж байгаад цаашдаа ажиллах нь ирээдүйд ч хэрэгтэй гэж боддог юм. Оюутнуудын хичээлийн  сул цагийн хуваарийг харгалзаж үзээд, хичээлийнхээ цагт тохируулаад ажилдаа ирж болно гэсэн. Энэ нь бидэнд цагийн уян хатан байдлыг олгож,  боломжийн цалин хөлс санал болгож байгаад баяртай байгаа.   Ээж, аавдаа дараа болохгүй, өөрсдөө ойр зуурын хэрэглээний мөнгөө олох боломжтой.  Санхүүгээс хараат бус байвал  биеэ дааж ажил, хөдөлмөр эрхлэх, алсдаа ч  амьдралаа аваад  явж чадна гэж бодож байна. 

 

-МУИС-ийн оюутан Б.Хулан:

-“Транс капитал” ББСБ-ын  нягтлан бодогчийн  ажлыг сонирхож байна. Одоо нэгдүгээр курсэд суралцдаг, ангид хуваарилагдаагүй ч гэсэн  цаашдаа нягтлан бодогчоор сурах хүсэлтэй байгаа учир ийм сонголтыг хийлээ. Цагийн  ажил  хийх нь гоё санагддаг. Өөрийнхөө төлөө цаг гаргахыг хүсэж байна. 

 

-МУИС-ийн оюутан С.Содсайхан: 

-Нягтлан бодох чиглэлээр суралцдаг  учраас мэргэжлээрээ ажиллахыг  хүсэж байгаа.  Сурч буй мэргэжлээрээ цагийн ажил хийх талаар хоёр ч удаа судалж,  бас  хийж байсан. Тухайн үедээ учраа мэдэхгүйгээс гадна мэдлэг боловсролын хувьд ч дутмаг байлаа. Одоо харин өөртөө итгэлтэй байна.  Санхүүгийн хувьд хараат бус байх,  өөрийгөө бие даан хөгжүүлэх, олны дунд ажиллаж сурна шүү дээ. Хамгийн  гол нь өөрөө өөртөө хариуцлага ногдуулж,  зөв мэргэжилтэн болох нь миний гол зорилго.