ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нямхүү: Тэмбүүгийн 3682 тохиолдлоос 850 нь жирэмсэн эхчүүд байсан

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-20

Засгийн газрын тогтоолоор “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамнаас “Тэмбүүг устгая” үйл ажиллагааг энэ оны долдугаар сараас улс даяар зохион байгуулж эхэлсэн аж. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгээс тодрууллаа. 

-“Тэмбүүг устгая” үйл ажиллагааны хүрээнд ямар ажил зохион байгуулсан бэ. Ямар үр дүн гарав?
-Энэ ажлын хүрээнд тэмбүүгийн явц, өвчлөлийг бууруулах зорилгоор нийт хүн амд чиглэсэн бэлгийн замаар дамжих халдвараас сэр­гий­лэх мэдээлэл, сургалт суртал­чил­гааг нэмэгдүүлэх, залуучууд, эрсдэлт бүлгийн хүн амыг үзлэг шин­жил­гээнд хамруулан, эрүүл­жүү­лэх, жирэмсний хяналтыг сайж­руу­лах зорилтын хүрээнд олон үйл ажиллагааг зохион байгуулсан. Энэ хугацаанд хийсэн ажлынхаа тай­ланг ЭМЯ-наас мэдээлж, цаашид анхаарч ажиллах асуудлыг хэлэлц­сэн юм. Өнгөрсөн дөрвөн сар гаруйн хугацаанд тэмбүү, ХДХВ-ын халд­вар илрүүлэх үзлэг шинжилгээг халд­варт болон халдварт бус өвчний илрүүлэг үзлэгтэй хамтатган аймаг бүр өөрийн онцлогт тохируулан зохион байгуулж, 96,289 иргэнд шинжилгээ хийж, 765 тэмбүүгийн шинэ тохиолдлыг илрүүлэн, эрүүл­жүүл­лээ. Өндөр эрсдэлт бүлгийн 1,271 хүн, Баянхонгор, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд зэрэг 10 аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн 6000 гаруй ажилчин, зургаан аймгийн 10 сумын 38 аж ахуйн нэгжийн 870 гар аргаар алт олборлогч, 15 аймгийн алсын тээврийн 2140 жолооч зэрэг нийт 20 гаруй мянган хүнийг үзлэг шинжилгээнд хамруулахад 279 тэмбүүгийн шинэ тохиолдол, 16 мянган гаруй оюутан, 1,663 орон гэргүй иргэдээс 219 тэмбүүгийн тохиолдол илрүүлэн эмчилжээ.

-Жирэмсэн эмэгтэйчүүдийн  дунд тэмбүүгийн тохиолдол их бүртгэгддэг гэж эмч мэргэжлтнүүд хэлдэг шүү дээ?
-Жирэмсний хяналтыг сайж­руу­лахад онцгойлон анхаарч, улсын хэм­жээнд давхардсан тоогоор 29,290 жирэмсэн эмэгтэйд тэмбүү, ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээ хийсэн юм. Үүнээс 850 орчим тэмбүүгийн тохиолдлыг илрүүлсэн. Улмаар “Тэмбүүг устгая” үйл ажиллагааг эрчимжүүлснээс хойш дөрвөн сарын хугацаанд нийтдээ улсын хэмжээнд 218,000 гаруй иргэнд үзлэг шинжилгээ хийж, тэмбүүгийн 3,682 тохиолдол, 1,716 хавьтлыг илрүүлэн, эмчлэн эдгэрүүлсэн үр дүнтэй байна. 

-Өнгөрсөн жилүүдэд харьцангуй цөөхөн бүртгэгддэг байсан. Энэ жил яагаад огцом нэмэгдэх болов?
-Бэлгийн харьцаанд ордог хүн нь эмчлэгдэхгүй бол эмчилгээний үр дүн гарахгүй. Одоогийн байдлаар хавьтлын   47 хувийг илрүүллээ.  Хавьтал эмчлэгдээд  эрүүл болсон цагт дахин халдвар авахгүй гэсэн үг. Яагаад халдварын эсрэг онцгой анхаарч ажиллаж байгаа вэ гэвэл, манай улс бэлгийн замын  халдварт өвчлөлтэй тэмцэхэд өндөр турш­лага­тай орны тоонд  ордог. 1990-ээд оны дунд үеэс бэлгийн замаар халдах өвчлөлийн тоо нэмэгдэж, түүний дотор тэмбүү өвчний тархалт 1980-1997 онд 10 мянган хүний дөрөв нь, 1998-2007 онд энэ тоо найм болж өссөн байна.  Харин 2008-2018 онд 10 мянган хүнээс 19 хүн тэмбүүгийн өвчлэлтэй гэсэн судалгаа гарсан. Манайхаас гадна хөгжиж буй олон оронд энэ өвчин тархсан. 

-Тэмбүү өвчин ямар шинж тэмдгээр илрэх вэ. Мөн  эмчил­гээний тухайд  ямар арга хэмжээ авдаг вэ? 
-Энэ өвчин далд  хэлбэрийн шинж тэмдэгтэй, мэдэгдээгүй үед бусдад халдах, халдвар дамжуулах эрсдэл өндөр байдаг. Тиймээс шинж тэмдэг бүдэг гэдэг утгаараа чимээгүй дайсан гэж хэлж болно. Шинжилгээнд эрт хамрагдсанаар энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Хамгийн гол нь маш амархан эмчлэгддэг. Өөрөөр хэл­бэл,  долоо хоногийн зайтай гур­ван удаа хүч оруулсан “фенцлин жи” гэдэг тариулна.  Гурван долоо хоно­гийн зайтай тариулснаар тэм­бүү үүсгэгчийг бүрэн устгаж  байж цэвэршдэг.  Хамгийн гол нь тухайн хүн хяналтад байхаас гадна, хавьтаг­чаа нуухгүй хэлж шин­жил­гээнд хамруулах нь чухал юм.  Нууц­ла­лын зэрэг гэдэг хамгийн чухал шүү дээ.

-Нас, хүйсний хувьд ямар хү­мүүс энэ өвчнөөр өвдөж байна вэ?
-Ихэвчлэн залуу буюу 45 хүртэлх насны хүмүүс өвчилсөн. Хүйсийн хувьд эмэгтэйчүүд ихэнхи нь байсан.