Зуны дунд сар хэдийнэ гарсан ч, хур бага орсны улмаас газрын өнгө гандаж, ган болж, намрыг санагдуулах болсоор удаж байна. Харин өнгөрөгч долоо хоногт манай дарга нар хичээл зүтгэл гаргаж ажилласны хүчинд бороо орж, ган тайлагдлаа.
Тодруулбал, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшинтэй хамтран ажиллах гэрээ байгуулсны ачаар гурван экспедиз гарч, хоёр өдрийн турш үүл хуримтлуулан бороо оруулж, нийслэлийн орчмын ганг тайлав.
Харин тэдний хамтын ажиллагааны дүнд борооны үүл хот руу нүүж байхад Баянхонгорын “Баянбороо-1 экспидиц”-ийнхэн замаас нь “сэргэлэнтэж”, үүлэнд зориудаар нөлөөлсний буянаар тус аймгийн 10 гаруй суманд багахан хэмжээний бороо орсон гэх сурагч дуулдав. Энэ буянтай ажлаа дарга нар сайн ч түгээн сурталчилж байна. Өмнө нь УИХ-ын гишүүн асан Д.Гантулга ч үүлэнд зориудаар нөлөөлсний хүчинд Хэнтий аймагт бороо орсныг тус аймгийн Онцгой байдлын газрынхан нь баталсан удаатай. Ерөөс манай дарга нар хамтран ажиллах гэрээ байгуулж, хичээл зүтгэл гаргавал бороо ордог гэдгийг дээрх явдал бэлхэнээ харуулж байна. Харин газрын хөрс хаттал, гол ус ширгэтэл, ган болтол нь удааж байж бороо оруулсан нь санаатай үйлдсэн гэмт хэрэг биш гэж үү. Тэртээ тэргүй гэрээ байгуулаад, экспедиз гаргаад л бороо оруулчихдаг байсан юм бол ард иргэдээ зовоож, ган гачиг болгох хэрэг юу байсан юм бэ. Тэгэхээр хотын удирдлагууд ард иргэдийнхээ эсрэг гэмт хэрэг хийсэн болж таарлаа.