Тээврийн цагдаагийн албанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн дурсгалыг хүндэтгэх, цаашид зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой “Хичээх өдөр” арга хэмжээг өнөөдөр зохион байгуулах гэж байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболдоос тодрууллаа.
-Тээврийн цагдаагийн албанаас цахимаар ямар нэгэн үйл ажиллагаа эхлүүлэх талаарх мэдээлэл түгээсэн. Энэ ямар учиртай вэ?
-Жил бүр зам тээврийн осол, хэргийн улмаас манай улсад 500 орчим хүний амь нас эрсдэж 2000 орчим иргэн хөдөлмөрийн чадвараа алддаг гэсэн судалгаа бий. Тэгэхээр бид нэг өдөр хичээснээрээ олон хүний амь нас, хэчнээн хэмжээний хохирлоос сэргийлэх боломжтой вэ гэдгийг танилцуулахыг зорилоо. Ганцхан өдөр тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч, явган иргэд бүгд хичээж, замын хөдөлгөөний дүрмээ баримталснаар хоёр хүний амь аварч, 15-20 хүний эрүүл мэндийг хамгаалж, 250 орчим зам тээврийн осол гарахаас сэргийлнэ гэсэн үг юм. Нэг өдөр хичээхэд нэг сар ч хичээж чадна. Тиймээс арваннэгдүгээр сарын 29-ны өдөр буюу өнөөдөр замын хөдөлгөөнд оролцож буй хүн бүр дүрмээ баримтлах уриалга гаргаж байгаа юм. “Хичээх өдөр”-өөр “Энхтайваны өргөн чөлөө”-нд буюу төв замын хөдөлгөөнийг 11:00 цагаас таван минутын хугацаатай түр зогсоох үйл ажиллагааг зохион байгуулна. Энэ үеэр зам тээврийн ослын үед хохирсон иргэдэд шуурхай тусламж үзүүлдэг цагдаа, эмнэлгийн яаралтай түргэн тусламж, онцгой байдлын шуурхай дуудлагын тээврийн хэрэгслүүд тусгай дуут болон гэрэл дохиогоо дуугаргаж, иргэдэд анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох талаар сануулах юм. Түүнчлэн замын хөдөлгөөний дүрмээ зөрчихгүй байх уриалга бүхий авто клубын залуус тээврийн хэрэгсэлтэйгээ цуваагаар өглөөний 10:20 цагт “Дүнжингарав” худалдааны төвөөс хөдөлж, Нарны замаар Хүүхдийн паркийн баруун уулзвараар-Төв шуудан-Баруун дөрвөн зам- Нарны гүүрний доогуур нарны замаар “Дүнжингарав” худалдааны төв гэсэн маршрутаар явна.
-2019 он гарснаас хойш улсын хэмжээнд хэчнээн хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан бэ. Бусад тоон мэдээллийг өгөөч?
-Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар зам тээврийн осол, зөрчилтэй холбоотой 68369 дуудлага мэдээлэл ирсэн. Үүнээс зам тээврийн осол 22499 бүртгэгдсэнээс 1227 гэмт хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Эдгээрийн 547 нь нийслэлд, 680 орон нутагт гарсан байна. Харамсалтай нь 320 гаруй хүний амь нас хохирч 1004 хүн хүнд, хөнгөн, хүндэвтэр зэргийн хохирол учирсан байгаа. Нийслэлийн хэмжээнд эхний 11 сарын байдлаар 115 хүний амь нас эрсэдсэн. Харин 512 хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс 11 нь амиа алдсан гэсэн харамсалтай мэдээлэл гарсан.
-Осол гарч буй зонхилох шалтгаан нь юу вэ?
-Осол хэрэг болж буй гол шалтгаан нь орон нутгийн замд жолооч хурд хэтрүүлэх, зорчигчдод хамгаалалтын бүс хэрэглүүлдэггүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож буй нийтлэг тохиолдол бий.
-Явган зорчигч зам тээврийн осолд өртөх тохиолдол нэмэгдсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан?
-Явган зорчигчид гарцгүй хэсгээр зам хөндлөн гарсны улмаас зам тээврийн осолд өртөж байна. Мөн бага насны хүүхдийг асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцуулснаас шалтгаалан осолд өртөх тохиолдол их бүртгэгдэх боллоо.
-“Хичээх өдөр” арга хэмжээ зургаадах жилдээ зохион байгуулж байна. Өмнөх жилүүдэд ямар үр дүн гарсан бэ?
-Арваннэгдүгээр сарын 29-ны өдөр дэлхийн нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг энэхүү арга хэмжээг Тээврийн цагдаагийн албанаас 2018 онд зохион байгуулах үед зам тээврийн ослоор нас барсан хүн байгаагүй. Мөн зам тээврийн осол, хэргийн улмаас дөрвөн хүн гэмтсэн буюу 60 хувийн бууралттай байсан. Нийт дуудлага 47.5 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарч байсан юм. Тиймээс өнөөдөр хүн бүхэн дор бүрнээ хичээж замын хөдөлгөөнд оролцоорой гэж уриалъя. Ганцхан өдөр хичээснээрээ ямар үр дүнд хүрч, цаашид хичээвэл хэчнээн хүний амь нас аврах вэ гэдгийг бодох хэрэгтэй.
-Зам тээврийн осол, зөрчил гаргаж буй жолоочид ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Тээврийн цагдаагийн албанаас 24 цагийн тогтмол хяналт тавьж ажилладаг. Өдөрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гаргасан 40 орчим жолоочийг илрүүлдэг. Зөрчлийн тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь нэг жилийн хугацаанд хасаж, 400 мянган төгрөгийн торгууль ногдуулдаг. Хэрвээ энэхүү үйлдлийг давтан гаргавал шүүхийн шийдвэрээр баривчлах хүртэл арга хэмжээ авна. Жилд 30-50 мянган согтуу жолооч тээврийн хэрэгсэл жолоодож, хуулийн хариуцлага хүлээдэг гэсэн статистик мэдээлэл бий. Мөн тухайн жолоочийн унаж явсан тээврийн хэрэгслийг түр саатуулж торгууль, шийтгэлээ барагдуулсны дараа хөдөлгөөнд оролцуулах боломж олгодог. Цаашид ч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй жолоочийн хүлээх хариуцлагыг нэмэх шаардлагатай гэж манай байгууллагаас үзэж байна.