Б.Дашдондогийн жинхэнэ нэр нь Одхүү. Бага байхад нэр нь хүндэдсэн байна гэж лам нэрийг нь Дашдондог болгосон гэдэг. Монголын рок поп хөгжмийн хөгжилд гарцаагүй нэгэн өнгө, загвар болж яваа Дашка өнөөдөр хэдэн жилийн өмнө санаачилж, байгуулсан “The Hu” хамтлагийнхаа буянаар жаргаж, бас халгиж явна. Монголын радиод “Ардын хуур”, Монгол телевизэд “Цаг үе залуучууд” нэвтрүүлгийг хийлцэж явсан рок залуу телевизийн засварчин мэргэжилтэй. Гэхдээ тэр ганц ч телевизор засч үзээгүй. Засварын багаж хэрэгслээ магнитофон, микрофоноор сольсон нь түүнд энэ их аз завшаан, алдар хүндийг авчирсан учраас хэзээ ч харамсаж байгаагүй л болов уу. Б.Дашдондог 2012 оноос рок хамтлагийн санаагаа олж, 2016 онд “The Hu” хамтлагийг үүсгэн байгуулж, 2018 онд албан ёсоор “Yu ve Yu ve Yu” нэртэй анхны уран бүтээлийг нь олны хүртээл болгож, Европын 13 орноор эгшиглүүлжээ.
Продюссерын ур ухаан, авьяас чадвар “Хүннү рок” хэмээх шинэ урсгалыг дэлхийн рок хөгжмийн хөгжилд зоригтойгоор оруулж ирсэн нь нэгэн хэвийн стил имижийг эвдэж чадсан гэдгээрээ дэлхийд цуурайтаж чадсан юм. Хамтлагийн гишүүдээ сонгох, уран бүтээлийнхээ урсгал чиглэлийг тодорхойлох, стил имижийг нь бүрдүүлэх гээд продюссерын хувьд маш их цаг зав, хүч хөдөлмөр, авьяас шаардсан ажлын ард тэр гарч чаджээ. Хамтлаг “Гэрэгэ” нэртэй анхныхаа цомгийг гаргалаа. Дэлхийн рок хөгжмийн урсгал цоо шинэ хөг аянд ууслаа. Б.Дашдондогийн гавьяа. Аавынхаа нутаг болох олон ястны өлгий Ховд нутгаас “олсон” хөөмий хархирааны ая данг хийморьлог, хүчтэй өнгө аясаар тааруулах сонин содон мэдрэмжээ тэр амилуулж чаджээ. “Хүннү рок” хамтлагийг үүсгэн байгуулахын тулд бүтэн есөн жилийн хугацаагаа зарцуулсан гэж хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн байсан.
Өвөг дээдсийн үед зохиогдчихсон байсан хөгжмийн урсгалыг амилуулсан төдий гэх түүний авьяас чадварыг олонд дамжуулж, хүргэж яваа “The Hu” хамтлагийн залуус Монголын нэрийг дэлхийд дуурсгаж явна. “The Hu” хамтлаг 2019 оны Чингисийн одонг хүртэх гавьяатай. Тэр хамтлагийг дэлхийд гаргасан Б.Дашдондог тэр алдрыг хүртэх эрхтэй. Тэр Монголын олон олон залуу дуучдын замыг засч, алдрын оргилд хүргэсэн ч даруухнаар урлагийн тогоондоо чанагдсаар явна. Тэр болчихлоо гэж ханахгүй, болоогүй гэсэн. “The Hu” хамтлагийнхандаа, Б.Одхүүдээ улам их амжилтыг хүсч, орой нь үгүй урлагийн од нь хэвээрээ гялалзахын ерөөл дэвшүүлье.