Сая, сая монголчуудын сайн сайхан амьдралд саад болдог хэсэг бүлэг иргэдийг тагнуулын байгууллагын тусламж аваад ч болтугай олж илрүүлмээр байна аа. Тэдгээр иргэдийн хүсэл зориг, нийт олонхийн хүслээс тэс өөр байгаа учраас бид хөгжиж чадахгүй гацаанд орж, улстөрчид маань ч ард түмний төлөө шийдвэр гаргаж чадахгүй болчихоод байгаа гэнэ.
Тухайлбал, сүүлийн үед телевизүүд олон жилийн өмнө гаргасан олон ангит кинонуудаа иргэдийн хүсэлтээр хэмээн давтаж гаргадаг боллоо. Хэдэн сар жилээр үргэлжлэх Солонгосын олон ангит “савангийн дуурь”-ийг дахиж үзэхийг хүсдэг иргэдийн төлөөлөлд би лав орохгүй. Мөн манай хамт олон, миний эргэн тойрны хүмүүс дотор ч байхгүй. Тэгэхээр ийм зүйл үзэж цаг хугацаа, нервээ барах хүсэлтэй хэсэг бүлэг иргэд байна гэсэн үг мөн биз.
Арай ч нэгхэн хүн утасдахаар нийт иргэдийн хүсэлтээр гэж хөөрөгдөж давхихгүй гэж итгээд байгаа юм, телевизүүддээ. Бас хотын төв рүүгээ хуучин машин битгий оруул, дугаарын хязгаарлалтаа нэг удаа биш долоо хоногт хэд хэдэн удаа хийж, он хуучинтай автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх саналыг мөн л “нөгөө иргэд” гаргаж тавьжээ. Манай хотын удирдлагууд энэ мэт мулгуу шийдвэрт чинь ямар ч буруугүй гэсэн.
Иргэд л утасдаж, дарамталж, ийм шийдвэр бидэнд хэрэгтэй байна гэж хүсээд байгаа учраас гаргахаас өөр аргагүй болсон гэж байна лээ. Тэгэхээр энэ бүхэн нөгөө л цөөхөн хэдэн “бүлэглэл”-ийн хийж байгаа ажил байх нь. Ард түмний дундах МАНАН бүлэглэл бололтой шүү, тэд. Монголчуудын дийлэнх нь энэ мэт хүчирхийлсэн, халаасыг нь тэмтэрсэн шийдвэр хэзээ ч хүсэхгүй. Гэтэл Монгол Улс дотроо, жирийн иргэд нь цөөнх байгуулж, “МАНАН” бүлэглэл болсон хэсэг бүлэг дандаа ард түмний эсрэг шийдвэр гаргахыг төрөөс шаардаж, үүндээ жирийн иргэд бидний нэр хүндийг ашигладаг нь ил боллоо.
Тэгэхээр УИХ ч юм уу, НИТХ нэн яаралтай онц их хурал зарлаж, ард түмнийхээ МАНАН бүлэглэлийг олж илрүүлье. Энгийн иргэдийн төлөө биш эрх баригчдын хүсээд байдаг шийдвэрийг гаргуулах гэж улайрдаг, бидний өмнөөс бичиг цаас хүргүүлж, утасддаг хэсэг нөхдийг нэн даруй илрүүлбээс ядарсан хэдэн монголчууд минь ядахдаа нэг өглөө ч болтугай “гэнэтийн бэлэг”-гүй гэрээсээ гарах биз.
Сүүлийн үед энэхүү бүлэглэлээс нийгмийн даатгалын шимтгэл нэмье, тогны мөнгөө нэмэх ёстой, автомашины татварыг таван хувиар нэмээч гэж шаардлага хүргүүлчихсэн байж магадгүй болоод явчихлаа шүү. Тэгээгүй бол МАНай төр хэзээ ч ийм тэнэг шийдвэр гаргахгүй. Ард түмний нэр барьсан бүлэглэл л энд буруутай байж мэдэх нь. Цаашлаад хүүхдийн мөнгийг хүн бүхэнд биш нэг хэсэгт нь олго гэж шаардаж гүйхээс нь өмнө нийтээрээ бүлэглэлээ илрүүлж, тайван амьдаръя.