ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тавтай морил! Моллаей

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-12-03

Ираны жүдоч, Дэлхийн аваргын алт, хүрэл медальт, Азийн наадмын мөнгөн медальт, Ази тивийн нэг мөнгө, хоёр хүрэл медальт Моллаей Саеид иргэншлээ сольж, Монгол Улсын харьяат болов. Түүнийг Монголын харьяат болгох зарлигийг өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч холбогдох хууль журмын дагуу гаргалаа.

Энэ оны ДАШТ-д Засгийн газрынхаа шийдвэрийг үл тоон барилдсан учраас маш их эсэргүүцэлтэй тулгарч, Иранд очилгүй Герман улсад түр орогнол хүсээд байжээ. Мөн Чиндаогийн “World masters”-т ОУОХ-ны далбаан дор дүрвэгчдийн багийн нэр дээр оролцох ёстой байв. Түүнийг өөр улсын нэр дээр барилдсан тохиолдолд өмнөх амжилтуудыг нь тэглэх ёстой ч тийм зүйл болохгүй хэмээн IJF-ийн мэдээлэлд дурдсан байна.

Ираны Засгийн газар тамирчдаа Израйлийн бөхчүүдтэй барилдахыг хориглосноос болж тус улсын жүдочид энэ жил Токиод болсон ДАШТ-д барилдаагүй. Дараа нь Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны Ерөнхийлөгч Мариус Визер “Бид Саеид Моллаейгийн явдлыг олон нийтэд дэлгэсэн нь түүнийг болон гэр бүлийг нь хамгаалах зорилготой байсан.

Засгийн газрынхаа шийдвэрээр ДАШТ-д оролцож чадаагүй Ираны бусад жүдочдыг ч бид дэмжих болно. Хэрвээ Моллаей Саеид өөр орны нэр дээр барилдахыг хүсвэл түүний чансааны оноог цуцлахгүй” гэжээ.

Өнгөрөгч наймдугаар сарын сүүлчээр Токиод болсон ДАШТ-д Иран улсаас ганцхан бөх очсон нь Моллаей Саеид байв. Тэр эхний даваануудад ялалт байгуулаад байхад нь Ираны Спортын тэргүүн дэд сайд, Ираны олимпын хорооны ерөнхийлөгч нар түүн­тэй холбогдож, Израйлийн бөхтэй барилдахгүй байхыг шаардаж, гэр бүлд нь ч заналхийлсэн талаар хэвлэлүүд бичиж байлаа.

Сэтгэлзүйн хүнд цохилт авсан Моллаей Саеид дараагийн барилдаанууддаа ялж чадаагүй, тэмцээн дуусгаад эх орондоо ч очоогүй байжээ. Ираны засаг захиргаа Израйлийг хэзээнээсээ тусгаар улс хэмээн үздэггүй бөгөөд Ираны олон тамирчин Израйлийн өрсөлдөгчидтэй таарвал барилддаггүй. Ираны жүдоч, Дэлхийн хошой аварга Араш Миресмаили гэхэд 2004 оны олимпоор Израйлийн бөхтэй барилдахгүй татгалзсаны хүчинд төр засагтаа үнэлүүлж, олимпийн аваргын шагналтай дүйхүйц 125 мянган доллароор шагнуулж байжээ. 

Моллаей Саеид нь 1992 онд Иранд төрсөн, өдгөө 28 настай, жүдо бөхийн +81 кг-ын жинд дэлхийн аваргын медаль хүртэж байсан алдартай залуу. Түүний гол зорилго нь “Токио 2020” олимпын наадмаас алтан медаль авч, Олимпын аварга болох ажээ. Ийнхүү өмнөд хөршид удахгүй болох “Чиндао мастерс 2019” тэмцээнд Монгол Улсаас оролцох дөрвөн тамирчны нэг нь  Моллаей Саеид боллоо.  

Алдарт жүдоч монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчтэй нэлээд эртнээс уулзаж, иргэншил хүсч байгаагаа хэлж байсан гэнэ. Тэр саяхан болсон Монгол бахархлын өдрөөр үндэсний бөхийн барилдааныг үзэж сонирхжээ. Ийнхүү гадны тамирчин Монгол Улсын иргэн болж, Монголын нэрийн өмнөөс дэлхийн дэвжээнд хүч үзэхээр боллоо. Энэ бол манай улсын хувьд анхны тохиолдол. Монголын олон олон алдартай тамирчид Монголоос “дүрвэсэн”, үнэн. Харин дэлхийн аварга, алдарт жүдоч Монголынх боллоо. Моллаей Саеид! Монголд тавтай морил.