ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Даваасүрэн: Сайжруулсан түлшээ хэмжээнээс илүү түлснээс угаарын хийд хордож байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-12-03

Өнгөрсөн амралтын өдрүүдэд угаарын хийд хордсон гэх дуудлага 13 иргэнээс иржээ. 13 өрхийн 40 хүн хөнгөн хэлбэрийн хордлого авсан тул зөвлөгөө авч,  гэрээр эмчлүүлж байгаа аж. Харин  өнөөдрийн байдлаар хоёр хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлэгт хэвтэж байна. Тэгвэл  Нийслэлийн  мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэнгээс сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-Энэ сарын 1-ний өдрөөс 2-ныг шилжих шөнө угаарын хийд хордсон гэсэн хэчнээн дуудлага ирсэн бэ?

-Арванхоёрдугаар сарын 1-нээс 2-ныг шилжих шөнө нийслэл хотын зургаан дүүрэгт угаарын хийд хордсон гэх зургаан дуудлага ирсэн. Нийт 18 иргэн байснаас зургаа нь насанд хүрэгч, 12 хүүхэд байсан юм. Эдгээр иргэд хөнгөн хэл­бэрийн хордлого авсан бөгөөд  эмнэлэгт хэвтэхгүйгээр эмчээс зөвлөгөө мэдээлэл авсан.

-Ямар шалтгаанаар эдгээр өрхүүд угаарын хийд хордсон байсан бэ. Мэдээлэл их цацаж байгаа учир  галлагааны горим алдагдах нь харьцангуй багассан гэж байсан?

-Эдгээр зургаан өрхийн хоёр нь гэрт, дөрөв нь бай­шинд амьдардаг өрхүүд бай­­сан. Дуудлага авсны да­гуу очиж ажиллахад зуух яндан­гийн холбоосоос утаа саа­гиж угаартсан. Нөгөө хоёр тохиол­дол нь зуухны үнс дүүрсэн байсан бол  нэг нь түлшээ буруу түлсэн байсан. Айлууд зуухныхаа түлэх ёстой хэмжээнээс дүүргэж түлснээс шалтгаалж угаартаж байгааг анхаарах хэрэгтэй. 

-Түүхий нүүрс түлсэн тохиолдол буурсан уу?

-Түүхий нүүрс түлж буйтай холбоотой дуудлага багагүй ирсэн. Чингэлтэй дүүргийн “Хүчит шонхор-2” захын хажууд аж ахуйн нэгжийн барилгаас их хэмжээний утаа агаарт гарч байна гэсэн дуудлагын дагуу албаныхан очиж шалгалаа. Шалгалтын явцад тус газар сайжруулсан түлшээ гал нь гүйцэд  асаагүй байхад хийснээс болж эхний 30 минут их хэмжээний хар утаа уугисан байсан.  Баянгол дүүргийн гуравдугаар хороо, Баянзүрх дүүргийн долдугаар хороо буюу утаагүй бүсэд шахмал түлш хэрэглэж байсан аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээ авсан. Мөн Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд “Эко констракшн” компани панер болон бусад зүйлс түлж байсныг илрүүлж гурав хүртэлх сая төгрөгөөр торгосон. 

-Сайжруулсан түлш түлэхийг хориглосон бүсийн  талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч? 

-Баянзүрх дүүргийн дол­дугаар  хороо сайжруулсан түлш хэрэглэхийг хориглож,  цахилгаан халаалтыг шийдэх ёстой бүс. Гэтэл  энд агаарт утаа гаргасан байсан. Үүнд зөрчлийн  хэрэг үүссэн байгаа. 2017 оноос Улаанбаатар хотыг бүсчилж тодорхой хороодод утаа гаргахгүй, зөвхөн цахилгаанаар дулаанаа хангах захирамж гаргасан. Тухайн утаа гаргахыг хориглосон бүсэд сайжруулсан шахмал түлш хэрэглэсэн зөрчил илэрч байна. Иргэд сайжруулсан түлш л бол аль ч хороо, бүсэд түлж болно гэж буруу ойлгоод байна. Тодорхой хязгаар бий. Тиймээс аж ахуйн нэгж, иргэд нийслэлийн бүсчлэлийг сайтар анхаарах хэрэгтэй байна.

-Сайжруулсан түлш түлэхийг хориглосон бүс нийслэл хотод хэчнээн байдаг вэ. Иргэд, аж,  ахуйн нэгжүүд өөрсдөө ер нь мэдэж байгаа юу?

-Аж, ахуйн нэгж, байгууллага,  иргэд дээрх бүсэд сайжруулсан түлш түлэхийг хориглосон талаар мэддэг. 2017 оноос эхлэн  1,2,3,4 дүгээр бүс гэж бүсчилж өгсөн. Өөрөөр хэлбэл, ийм дөрвөн бүс бий. 

-Агаарын чанар өнгөрсөн долоо хоногоос хэр их өөрчлөгдсөн бэ?

-Өнгөрсөн долоо хоногоос  агаарын чанар бага бохирдолтой гэсэн мэдээлэл  байна.  Агаарын чанарын мэдээллийн хувьд өнгөрсөн долоо хоногт  хүхэрлэг хий 2.4 дахин их, азотын давхар исэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд байсан. Харин PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 2.4 дахин бага, PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор 2.1 дахин бага хэмжигдсэн.