НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалагаас нийслэлийн төсөвтэй холбоотой гол асуудлыг тодрууллаа.
-Жил бүр нийслэлийн төсвийг бага суулгалаа гэдэг асуудал гардаг. Энэ жил нийслэлийн хэмжээнд хэчнээн төгрөгийн төсөв суусан бэ?
-2012 оноос хойш 2020 он хүртэл анх 400 орчим тэрбум төгрөгийн төсөвтэй байсан. Энэ жилийн хувьд нэг их наяд гаруй төгрөгийн төсөв баталлаа. Үүнээс 319 тэрбумыг нь улсын төсөвт татчихдаг. Монгол Улсын хүн амын 50 орчим хувь нь нийслэл хотод амьдардаг боловч, албан ёсны хаяг иргэншлээ шилжүүлж ирээгүй атлаа амьдарч буй оюутан, түр оршин суугч, суурьшмал иргэд их байдаг. Тэдэнтэй нийлээд 60 орчим хувь нь амьдарч байгаа юм. Нийслэл хотод амьдарч байгаа хүмүүсийн амьдрах нөхцөлийг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах, ажил орлоготой болгох гэх мэт ажлуудад мөнгө маш их хэрэгтэй. Эдгээр тулгамдсан асуудалд зарцуулах ёстой нийслэлийн иргэдийн татварыг улсын төсөв рүү татаж байгаа нь шударга бус. Аймгуудаас авсан татварыг нийслэлд зарцуулдаггүйтэй адилхан. Энэ мөнгөөр нийслэлд хэдэн автобус, эмнэлэг, сургууль, цэцэрлэг барьж болох билээ. Нийслэлийн иргэдэд хэрэгцээтэй олон чухал асуудлыг шийдэх боломжтой байсан.
-НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаанаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг 20 тэрбум төгрөгөөр үнэлж зарах шийдвэр гаргасан. АН-ын бүлэг хувьчлалаас хасах санал оруулсан юм билээ?
-Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгээс Төв цэнгэлдэх хүрээлэнг хувьчлалаас хасах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн болон Ахмадын орон сууцны хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэх зэрэг таван саналыг гаргасан. Мөн авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Төв цэнгэлдэх хүрээлэн бол нийслэлд байгаа баяр наадам, олон улсын арга хэмжээ болдог ганц талбай. Үүний 49 хувь нь нийслэлд хамаардаг юм. Төв цэнгэлдэхийн ойролцоо маш олон суурьшлын бүс үүссэн ч сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлгийн барилга хангалтгүй шүү дээ. Нийслэлийн хэмжээнд нийгмийн дэд бүтцийн байгууллагыг барихад газар хайж эхэлдэг. Олсон ч 20-30 тэрбум төгрөгөөр худалдаж авна. Тэгэхээр энэ газраа 20 тэрбум төгрөгөөр зарж байхаар тухайн газраа ашиглаад цэцэрлэг, сургууль, эмнэлэг барих хэрэгтэй гэдэг утгатай санал оруулсан ч, олонх дэмжээгүй.
-Хүүхдийн эрх зөрчигдөх асуудал нийгэмд ихээр гарч байна. Барилга байшин, зам барихад ихэнх төсөв зарцуулагдаж байна. Хүүхдэд ээлтэй ажилд ирэх жил хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ?
-Хүүхдийн нөхцөл байдал хүнд байгааг анхаарч, сайжруулах асуудлыг хөндсөн шийдвэр гаргасан. Энэ нь “Хүүхдэд ээлтэй хот” хэмээх хөтөлбөр бий. Өмнө нь 250 сая төгрөг төсөвлөдөг байсан бол ирэх жилийн төсөвт 800 сая төгрөг суулгалаа. Үр дүнтэй, сайн төсөв болсон гэж үзэж байна. Уг хөтөлбөрийг манай бүлгээс удаа дараа оруулж С.Амарсайхан даргын дэмжлэгээр баталсан юм.
-“Хүүхдэд ээлтэй хот” хөтөлбөрт ямар үйл ажиллагаа багтаж байгаа вэ?
-Нийслэлд хүүхдэд зам тээврийн осолд өртөх нь элбэг, замын тэмдэг, тэмдэглэгээ тааруу, хүүхдийн орчин гэж тодотгох бүс байхгүй, хүүхдийн тоглоомын талбай бага, аюулгүй байдлыг хангаагүйн улмаас амь насаа алдсан тохиолдол цөөнгүй бий. Гудамж талбайд цахилгааныг хүүхдээс хол шийдэх, аюултай нөхцөлийг засаж, сайжруулах, 152 хороонд байрладаг хүүхэд хамгаалах багийг чадавхжуулах, хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн дуудлагын дагуу хамгаалах багийг бүрдүүлэх, хамгаалах байрыг тохижуулах гэх мэт олон ажил багтсан. Өнөөдрийн нийгэмд хүүхдийн дуу хоолой чухал болсон учраас тэдний дунд хэлэлцүүлэг явуулах ажлыг тогтмол хэрэгжүүлэх ажлыг төсөлд тусгасан. Энэ мэтчилэн хүүхдэд ээлтэй ямар орчин нөхцөл шаардлагатай байна, тэдгээрийг шийдвэрлэхээр тусгасан юм. Хүүхдийн асуудалд дэвшил гарсан гэж хэлж болно.
-Хуралдаанаар зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь олон нийтийн бухимдлыг их төрүүлж байна. Заавал ийм хэмжээнд нэмэх шаардлага байгаа юу?
-Эдийн засаг хүнд, олон төрлийн татвар нэмэгдсэн, газрын хураамж нэмэгдэж, олон иргэн ажлын байргүй байхад дахин дахин төлбөр хураамж нэмж байгаад манай бүлэг эсэргүүцэж байгаа. Эсэргүүцлээ гээд тэргүүлэгчид олонхиороо давамгайлчихаад байгаа юм. Зам ашигласны төлбөрийг тав дахин нэмж байгаад иргэд ч цочирдож байна. Ер нь бол заавал нэмэх шаардлагагүй. Нийслэлийн төсвийн 80-90 хувь нь иргэдийн татвараас бүрддэг. Зарим иргэд мэддэггүй байх. Учир нь эрүүл мэнд, нийгмийн даатгал, үл хөдлөх гэх мэтчилэн татваруудаас бүрддэг буй мөнгийг цуглуулаад, буцаагаад ард түмний төлөө зарцуулах ёстой гэж ойлгуулдаг. Харамсалтай нь намын бодлого, улстөрийн шийдвэрээр аливаа асуудлыг шийдэж байна. Төсвийн хууль дүрмийг хэрхэн мөрдөж байгаа нь иргэдэд тодорхойгүй байдаг. Энэ бүхнийг шүүмжлээд, иргэдийн дуу хоолой болох үүргийнхээ дагуу саналаа хэлэхэд олонхоороо унагаачихдаг. Ажил хэрэг болохгүй байна шүү дээ. Төсвийн цоорхойгоо нөхөхийн тулд иргэдээс татвар авч, олон нийтийн нуруун дээрх татварын ачааг нэмэгдүүлсээр байна. Хамгийн сүүлийнх нь автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүллээ.
-Нэгэнт батлагдсан төсвийг эргэж харах боломж бий юу. УИХ-д Ерөнхийлөгч хориг тавьдаг шиг?
-Орон нутгийн хурлын хэмжээнд хориг тавих эрх байхгүй. Тиймээс олонх дахин хэлэлцэж байж шийдэхгүй бол энэ журам 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөнө. Сөрөг хүчин санал өгөөд, хүчингүй болгох хууль эрхзүйн заалт байхгүй. Уг нь анх МАН-ынхан ямар ч хэлбэрээр татвар нэмэхгүй гэж амлаж байсан. Нийгмийн шаардлагаар зарим нэг татварыг нэмэх асуудал байж болох ч их хэмжээгээр, олон удаа нэмэх ёсгүй.
-Тав дахин нэмэгдүүлсэн орлогыг хотын замын ажилд зарцуулна гэдэг мэдээллийг нийслэлийн удирдлагууд өгч буй. Өмнөх төлбөрийн орлогыг юунд зарцуулдаг байсан юм бол?
-Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа зам, барилга байгууламжийг засаг, захиргаа нь засах үүрэгтэй. Тэгэхийн тулд нийслэлийн замаар зорчиж буй иргэдээс татвар авдаг. Үүнд нийтдээ 90 орчим тэрбум төгрөг төвлөрдөг. Энэ мөнгийг бүгдийг нь зам засварт зарцуулвал нэлээд ахиц дэвшил гарахаар байгаа юм. Өмнө нь ихэнхийг нь улсын төсөвт татчихдаг, өөр өөр зүйлийг санхүүжүүлдэг байсан юм билээ. Одоо Автотээврийн тухай хуульд өөрчлөлт орж, замын сангийн мөнгийг тухайн зориулалтаар ашиглахаар болсон тухай мэдээлэл авсан. Тэгэхээр авто замын санд цугларч буй мөнгийг зориулалтаар ашиглах боломжтой юм байна гэж үзсэн. Зориулалтаар ашигласнаар энэ жил гэр хороолол руу зам ихээр тавигдаж байгаа нь сайшаалтай ажил болсон.
-Газрын хураамж нэмэгдсэн гэж байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Мөнгөгүй хүн газар авах эрх нь хязгаарлагдсаар байгаа. Төр иргэдийн татвар, хураамжийг нэмэхгүйгээр өөр менежмент явуулж, аялал жуулчлалаа хөгжүүлэх, уул уурхайг зөв ашиглах маягаар явбал иргэдийн халаас руу орох шаардлагагүй. Төр засгийн үүрэг бол иргэдээ аюулгүй, эрүүл орчинд амьдруулахын тулд ажиллах үүрэгтэй. Гэхдээ энэ үүргийнхээ дагуу ажиллаж чадахгүй байна.