ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тангарагтнууд

O.Admin
2019-12-04

Хүний алтан амь, тэр тусмаа долоон алтан амийг нэг дор аварна гэдэг бахархам гавьяа мөнөөсөө мөн. Нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмч Э.Одгэрэл, жолооч Т.Гүнтэвсүрэн нар шатаж байсан гэрээс долоон хүний алтан амийг аварсан байна. Энэ явдал арав гаруй хоногийн өмнө болжээ. “Хүн угаартлаа” гэсэн дуудлагын дагуу явсан эмч, жолооч хоёрын замд айл шатаж байж. Э.Одгэрэл эмч гал команд руу залгаж хэлээд хашаа руу ороход хашаан доторх байшингийн цонхоор гал дүрэлзэж байжээ. Шатаж буй байшингаас хоёрхон метрийн зайтай гэр рүү гал яах ийхийн зуургүй орсон байна. “Гэрт хүүхдүүд байгаа” гэх хажуу айлын хүний хэлэхийг сонсоод эмч гэр рүү гүйж, жолооч машинаа гэр рүү ойртуулж, хоёулаа гэрт унтаж байсан 2-13 насны таван хүүхдийг хөнжилд нь ороогоод цаг алдалгүй машин руу зөөсөн байна. Гэрт байсан хоёр том хүнийг ч аварч чаджээ.

Сүүлчийн хүүхдийг авраад гэрээс гармагц шатаж байсан гэрийн тооно нурсан гэнэ. Ард түмнийхээ эрүүл энхийн манаанд зогсох ариун тангарагтай эмч, эмнэлгийн ажилтнууд гэж ийм л хүмүүс. Жолооч Т.Гүнтэвсүрэн нь Яаралтай тусламжийн төвд 16 жил, эрүүл мэндийн салбарт 23 жил ажиллаж байгаа, муухан эмчээс ч дээр болчихсон, овсгоо сүйхээтэй, сэргэлэн жолооч нарын нэг гэж хамт олон нь ярьдаг юм билээ. Тэр энэ хугацаанд 17 мянга гаруй дуудлагад давхисан гэсэн. Харин их эмч Э.Одгэрэл нь 2012 онд “Ач” анагаах ухааны их сургуулийг төгсөөд, Яаралтай түргэн тусламжийн төвд эмчээр ажиллаад хоёр жил болж байгаа юм билээ. Нийслэлийн эрүүл мэндийн газраас өчигдөр Э.Одгэрэл, Т.Гүнтэвсүрэн нарт баяр хүргэснээр олон нийт тэдний гавьяагаар бахархлаа. 

Эмч хүний алдар хүнд алтан амь аварснаар, өвчтөнийг энэрснээр илэрхийлэгддэг бол эмнэлгийн ажилтан, албан хаагчдын гаргасан энэ мэт амжилт тэрүүхэндээ дарагдаад өнгөрдөггүй байгаасай. 

А.Од