ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нэг насаар энгийн байснаас нэг өдөр хаан байсан нь дээр

O.Admin
2019-12-04

Зуун жилийн хугацаанд хамгийн “аядуу зөөлөн”-өөр төр удирдаж байсан Ардын намынхан 2020 оны сонгуулиас өмнө төрөл бүрээр бөмбөг тэсэлж байна. Ёстой гоё, гоё шинэ жилийн бэлэг ар араасаа задарч байна даа. “Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг” гэдэг нь энэ юм болов уу. Эсвэл намын даргынх нь хэлээд байсан хариуцлагын сэлэм гэгч нь ч байж мэдэх юм. Ерөөс монгол хүний тэвчээрийн хязгаар хаана хүрч тасрахыг харах гэж ийм зүйл сэтгэсэн юм болов уу хэмээн олон талаар бодож үзлээ. Эцэстээ ганцхан дүгнэлтэд хүрэв. Ардын намыхан “Нэг өдрийн хаан” байхаар шийджээ. Тэртээ, тэргүй 2020 онд хуйгаараа гудамжинд гарах нь тодорхой учраас ард түмний халааснаас авч болох бүх л мөнгийг хураан авч, дарга нарынхаа тансаглал, хангамжийг дээд зэргээр нэмэгдүүлж байгаа нь тодорхой болж байна. Татвараа нэмчихлээ, автомашин унахыг хүсч байвал жилдээ хамгийн багадаа 100 мянган төгрөг төл гэлээ.

Ажил хийж байгаа хүн бүхэн цалингийнхаа 30 хувийг даатгалд өг гэсэн. Хүн амын орлогын албан татвар ч нэмэгдлээ. Ус, дулаан, цахилгаан, мах, шатахуун гээд нэмэгдээгүй зүйл энэ дөрвөн жилд алга байлаа. Цаашдаа ч илүү их нэмээд өгөөсэй. Монголчууд тэвчээртэй шүү. Энэ байтугай ч даваад тэсээд гарч ирдэг шийртэй учраас “бөхөхийнхөө өмнө бадамлаж” буй та нарын далайлт болгоныг тэсээд гарах чадал байгаа байх. Олон жил аядуу зөөлөн зангийнхаа цаана нууж байсан бүх сумаа гаргаж тавь гэж зөвлөе. Сүүлчийн ганц сумаа тавьсан байлаа ч Ардын намын улстөрч бүхэн нь жаргалтай байгаа бол бид цэх шулуухан зогсож, цээжээрээ тосч авна гэдгээ мэдэгдэж байна. Автозогсоолоо төлбөртэй болго, ард түмний машиныг хотын төв рүү нэвтрүүлэхээ больчих. Монголын ард түмний халааснаас авч болох бүх мөнгийг ав. Бид өгөхөд бэлэн байна. Хүүхдийн мөнгөө хасчих.

ЖДҮХС, Хүний хөгжлийн сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан гээд Монгол Улсын бүх санг хоосло. Ах дүү амраг саднаа ажилд оруулж, төрийн тендерийг хувааж аваад найрлацгаа. Энэ улсаас авч болох юу л байна түүнийг сүүлчийн удаа бадамлаж буй үедээ хуу хамж авахыг зөвшөөрье. Ядарсан ард түмний халаасыг онилсон өөр ямар ч шийдвэр гаргасан байлаа эгэл иргэд бид чинь аз жаргалтайгаар хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна. Нэг насаараа энгийн байсан та нар минь нэг өдөр ч гэсэн хаан болж тоглохыг хүсч байгаа бол ойлголгүй яах вэ. 2020 оны зургаан сар хүртэл Монгол гэдэг энэ улсаар дураараа тоглож, дунд чөмгөөрөө жиргэгтүн. Харин 2020 оноос хойш Монголын ард түмний хувьд тийм улс төрийн хүчин байсан эсэхийг ч санахгүй жаргах цаг ирэх нь дамжиггүй. Хариугаа 2020 оны сонгуулиар та бүхэнд өгнө. Өгч болох бүх зүйлээ өгчихсөн учраас та нараас ганцхан зүйлийг чинь л авна гэдгээ эртхэн хэлчихье. Харин түүнд бэлтгэлтэй байдаг юм шүү. Бүх зүйлээ найр тавьж өгсөн ард түмэн чинь нэг өдөр хаан байх цаг нь ирэх тодорхой. Тэр цагт битгий гонжирч, гоншигонож гүйгээрэй, ах нар аа. Хариутай бол бариутай биз дээ, тийм үү.