ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Тугал хариулагч”

O.Admin
2019-12-09

Засгийн газрын тэргүүний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, танхимыг нь дэмжсэн улстөрчдөд зээл олгосон бурууг үүрсэн хүн бол УИХ-ын гишүүн Б.Батзориг билээ. Тэрбумаар үнэлэгдсэн кнопны шагналыг тарааж өгөхдөө давуу эрх эдэлж, өөрийнхөө хоёр ч компанийг шургуулсан нь баригдаж, эцэстээ ээжээсээ уучлалт гуйгаад сайдын ажлаа хүлээлгэн өгсөн юм. Ялихгүй юмнаас ямааны гарз гэгчээр сайдын суудал авчихсан атлаа илүү харж билүү долоосон энэ үйлдэл нь ийм том гарз дагуулна гэж хэн санах билээ. Бүтэн жил гаруйн хугацаанд хуулийн хаалга сахиж, нэр хүндээ ч бүрэн алдлаа.

Эцэстээ Их хурлын гишүүний суудал ч үгүй үлдэж мэдэх нь ээ. Учир нь тун удахгүй Улсын ерөнхий прокурорын газраас Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирэх гэнэ. Сонгууль хаяанд ирчихсэн энэ цагт Ардын намынхан нэр хүндээ бодоод нэг улстөрчөөрөө нэг мөр “туг тахих” нь тодорхой биз. Яг л Д.Гантулга шиг хувь тавилан түүнийг хүлээж байна. Одоо харамсаад ч яах билээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг дээ. Тэгээд ч ирэх сонгуулиар нэр дэвшээд ч ялалт байгуулах магадлал байхгүй, нэр хүнд нь нэгэнтээ явцгүй болчихсон учраас бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас ердөө зургаан сарын өмнө гишүүний ажлаа өгөх нь Б.Батзоригт тийм ч хохиролтой зүйл биш байх.

МАН-ын дэргэдэх Монголын ардчилсан социалист залуучуудын холбооноос У.Хүрэлсүхтэй хамт улс төрийн гараагаа эхэлж байсан тэрбээр улс төрд 16 жил явжээ. НИТХ-ын төлөөлөгчөөс эхлээд дүүргийн Засаг дарга, дэд сайд, УИХ-ын гишүүн, бүр сайд хийгээд үзчихлээ. Нэр цэвэр явсан бол улс төрийн карьер нь энэ байтугай л үргэлжлэх ёстой байсан. Гэсэн ч  шуналаасаа болж, “булшны нүх”-ээ өөрөө ухсан. Тиймээс хуулийн өмнө ч хэргээ хүлээх сэтгэлзүйн бэлтгэлтэй болсон байлгүй. Хэрэг нь нэгэнт тодорхой болсон учраас намын томчууд нь байтугай дүүрэгтээ тахисан нохой нь ч түүнд туслахаас өнгөрсөн биз. Б.Батзориг улс төрд сайн муугаар олон жил хэлүүлсэн.

Сайн зүйл хийж байсныг нь ч үгүйсгэх аргагүй. Гэвч бүхэл бүтэн 40 гаруй “ЖДҮ-чин”-ий өмнөөс ганцаараа хэрэг хүлээж байгаа нь дэндүү шударга бус. Намын даргынхаа өгсөн даалгаврыг биелүүлчихээд улс төрийн карьер, нэр хүндээ нэгмөсөн алдаж буй нь дэндүү гомдолтой биш гэж үү. Тиймээс ЖДҮ гэх хэргийн цаана юу өрнөсөн, яагаад ийм зүйл болсныг өнөөдөр биш юм гэхэд хожмоо ярих л байх.

Эсвэл ном болгож ч мэдэх биз. Гэхдээ би лав түүний оронд байсан бол хорсол, гомдлоо яг одоо л гаргадаг цаг. Ард түмний өмнө ганцааранг нь “ялтан” болгочихоод ард нь шударга үнэний дүр эсгэж буй намынхаа олон, олон хулгайч нарын жинхэнэ дүр төрх, багийг нь хуулчихаад эсрэг талын баатар болчихоод улс төрөөс аз жаргалтайгаар явах байлаа. Харин түүнд тийм зориг, зүрх байгаа болов уу. Б.Батзоригтой хамт “ялтан” болох ёстой олон хүн түүнийг огцруулах, эсвэл огцруулахгүй гэж кноп дарна гээд бод доо. Нэгэн цагт намынхаа тугийг бариулж байсан улстөрчийгөө тугал хариулагч болгож чадах увайгүй зан Ардын намынхнаас л гарах байх даа.