ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Гантөмөр дарга шиг ажил хэрэгч хувцаслахгүй бол машин унахыг хориглоно

O.Admin
2019-12-09

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтэц хариуцсан орлогч Н.Гантөмөр “Улаанбаатар хотын төв замд түгжирч буй нийт жолооч нарын 30-40 хувь нь хотын төв рүү зорилгогүй тэнэж байгаа учраас шийтгэнэ” гэж мэдэгдлээ. Нэгэнт л төрийн байгууллагын том албан тушаалтан тийм лүндэн буулгасан бол хүлээн зөвшөөрч, хэдүүлээ шийтгүүлэх нь тодорхой байх. Манжийн есөн эрүү гэдэг шиг МАН-ынхан есөн эрүү тулгаж ч мэднэ.

“Чи яагаад машин унаж дэмий тэнээд байгаа нөхөр вэ” хэмээн саваадаж, хумсны завсраар хулс хийхгүй байлгүй дээ, бурхан өршөөг. Эсвэл мөнгөн торгууль ч байж магадгүй. Тэгэхээр төрийн гаргасан шийдвэр ёсоор хэдүүлээ шийтгэл хүлээхгүйн тулд хотын төв хэсгээр зорчихдоо хэд хэдэн дүрмийг ягштал баримтлах ёстой болох нь. Та ажилдаа орох гэж зогсоол хайж явсан байлаа ч Зам тээвэр, дэд бүтцийн орлогч Н.Гантөмөр болон замын цагдаа нар “зорилгогүй тэнэсэн” гэж дүгнэх л юм бол эрүүдэн шүүлттэй тулгарахаас өөр гарцгүй байгаа.

Тиймээс дээрх хэдэн дүрмийг чанд баримтлахыг нийт жолооч нарт уриалж байна. Нэгдүгээрт, машин барьж байхдаа бохь зажилж огтхон ч болохгүй. Монголчууд угаасаа л бохь зажилсан нэгнийг ангалзаад, аальгүйтээд гэж дургүйцдэг учраас хоолоо шингээх гэж, эсвэл амны эвгүй үнэрээ дарах гэж бохь зажилсан гэж хэзээ ч ойлгохгүй. Дэмий сэлгүүцэж, ангалзаж яваа номинацийг тэргүүлэх шалгуур учраас цагдаа, Н.Гантөмөр хоёрò харагдвал бохио залгих, эсвэл гүлдийтэл амандаа хадгалж байгаад өнгөрүүлэх хоёр сонголт тулгарна. Хоёрдугаарт, цагдаа ойртсон л бол хэзээ ч инээж болохгүй шүү.

Маш чухал ажил хэрэгч царай гаргаж, хөмсгөө тас зангидан, болж өгвөл цагдаа руу харахгүйгээр алсыг ширтвээс шийтгэлээс сугарч үлдэх нигууртай. Мөн зорьж буй газар, ажлынхаа талаар цонхоо онгойлгож байгаад хажуу хүндээ чанга чанга ярьж, ажилтай завгүй яваа гэдгээ цагдаа нарт мэдэгдэж байх нь танд сайнаар тусна. Гуравдугаарт, чөлөөт хувцастай машин барьж огтхон ч болохгүй. Тиймээс шийтгүүлэхийг хүсээгүй л бол нийт нийгмээрээ манай Н.Гантөмөр дарга шиг ажил хэрэгч хувцаслаж, автомашиндаа байнга костюм, зангиа авч явахыг хүсье.

Ингээд жолооч та хотын төв рүү нэвтрэхийг хүсвэл зангиа зүүж, костюмаа өмсөж, ажил хэрэгч байдлаар ажлаа бүтээж, заримдаа зорилгогүй тэнэж, мөн такси үйлчилгээндээ ч явж болох нь ээ. Энэ мэт маш нарийн аргаар л шийтгэлээс мултарч болж байна. Манай дарга нар өөр ямар шалгуураар “зорилгогүй тэнэгчдийг” илрүүлэх нь одоогоор тодорхой бус байгаа. Мэдээж даргын ухаан санаанд олон бодол нуугдаж яваа байх. Тэр бүх шалгуурыг мэдэхгүй учраас эхний ээлжинд энэ мэт аргуудыг ашиглан, төрийн шийтгэлээс мултраарай.