ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Том малгайт”

O.Admin
2019-12-11

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар гэх “томдсон малгай” өмссөн Л.Чинбат өчигдөр өөрийнхөө олон бизнесийн нэгийг албан ёсоор зогсоож буйгаа мэдэгдэв. Монгол Улсын газар тариалангийн салбарт “Гацуурт” ХХК-иас салаалсан 16 охин компани байгуулан амжилттай ажиллаж яваа ч байнгын шүүх цагдаа, хуулийн байгууллагын овоо хараанд өртөж байдаг энэ хүн төмс, хүнсний ногооны бизнесээс гарч байна гэдгээ мэдэгдсэн нь олон нийтэд харин огтхон ч таалагдсангүй. Тэрбумтан бизнесмэнийг өрөвдөж, өмгөөлөх бус эсрэгээр нь төрийн мөнгийг буцааж өгөхгүй байхаар арга сүвэгчилж, албан ёсоор мэдэгдэл гарган сүржигнэлээ хэмээн зэмлэж, эргэж төлөхөөс бултах вий гэсэн шүүмжлэл өрнөж байх юм.

Хөдөлмөрийн баатар Л.Чинбат шүүмжлэлд тун ч эмзэг хүн. Түүний талаар мэдээлэл бичсэн хэвлэл мэдээлэл бүхэн шүүхийн өмнө очдог гэхэд хилсдэхгүй. “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас хоёр тэрбум төгрөгийг урамшуулалд авсан тухай бичсэн мэдээллийн сайтаас 20 сая төгрөг нэхэмжилж байсан нь саяхных. Төд удалгүй Эрүүгийн цагдаагийн газраас Нийслэлийн прокурорын газарт Л.Чинбатыг яллагдагчаар татах саналаа хүргүүлсэн гэх мэдээлэл “Өнөөдөр” зэрэг өдөр тутмын сонинуудад гарч байлаа. Өөрөөр хэлбэл, өөр компанид нийлүүлээгүй 25 мянган тонн буудайны урамшуулалд ТЭДС-гаас 2.1 тэрбум төгрөг авсан, мөн 2013-2017 оны хугацаанд “Гацуурт” компаниас “Хангай милсс” компанид нийлүүлсэн гэх буудайн үнийн дүн болон урамшууллыг Аудитын байгуул­лага, ШШҮХ-ийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийнхэн нягталж, асуудал илрүүлсэн учраас яллагдагчаар татахаар хандсан билээ. Гэсэн ч тус компани болон Л.Чинбат энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, дахин шалгуулах хүсэлт гаргасан.

Мөн ард түмэнд очих ёстой мөнгөнөөс 10 төгрөг ч аваагүй хэмээн албан ёсоор залруулга хийж байлаа. Тэр буруутай, буруугүй эсэхийг гагцхүү шүүх тогтооно. Гэлээ ч энэ бүх асуудал, хууль шүүхийн маргаан, хэвлэл мэдээлэлтэй үүсгэсэн зарга бүхний дараа Хөдөлмөрийн баатар нэр хүндээ бүрэн алдсан. Түүнийг буруутай гэдэгт ард түмэн итгэсэн бөгөөд газар тариалангийн салбараас гарлаа гэх мэдэгдэл нь ч түүнд сайнаар нөлөөлсөнгүй. Төр түүнд хятад ногоотой өрсөлд, бизнес хий гэж боломж олгосон атал компаниа дампууруулснаа гавьяа байгуулчихсан аятай зарлаж байгаа нь таалагдаагүй хэрэг. Төр түмэн нүдтэй гэдэг. Тиймдээ ч алдар нэр нь “томдсон” эрхэм баатар гэм буруутай бол шүүн тунгааж, буруу зөвийг нягтлах биз ээ. Үнэхээр ч олны бухимдаад байгаа шиг зээлсэн мөнгөө буцааж төлөхгүй хэмээн хариуцлагаас зугтаж байгаа бол муухай л байна даа, баатар аа. Тийм зүйл байхгүй гэж найдаж сууя. “Хөдөлмөрийн баатар” гэдэг чинь ямар үнэ цэнээр олддог цол билээ дээ. 

Б.Эрхэс