ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Даашинзтай зураг тэвчдэг сарын мэнд

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-12-11

Амьдрал гэдэг тэмцэл юм. Харин амьдарна гэдэг тэвчихийн нэр ажээ. Сэрж ядах их нойроо тэвчин нүдээ хүчээр нээхээс бидний өглөө  эхэлнэ. Нойроо тэвчсэний дараа автобусан дахь чихэлдээ, замын түгжрэлийг тэвчинэ. Өвлийн хүйтнийг тэвчинэ. Өдөр тутамдаа таарах хүмүүсийн дэмий цэцэрхэл, хоосон бардамналыг тэвчинэ. Бидэнд ер нь тэвчихгүй сар гэж үгүй гэхэд болно. Энэ долоо хоногийг тэвччихвэл ирэх долоо хоногийг тэвчээд, тэрний дараагийн долоо хоногийг тэвчээд л дараагийнхийг нь тэвчинэ. Бид дандаа л тэвчиж амьдардаг ард түмэн. Ялангуяа цахим орчинд тэвчих шаардлага бодит амьдралаас хавьгүй их.

Шинэ жил ойртож байгаатай холбоотойгоор тэвчих чадвараа хэд дахин нэмэгдүүлэх шаардлага үүсээд байгаа юм. Өндөр өсгийт, гоёхон даашинз өмссөн бүсгүйчүүдийн зурагны давалгааг тэсч гарах сар дундаа орлоо. Бид маш амжилттай тэссээр талд нь оров. Одоо хамгийн их тэвчээр шаарддаг сүүлийн 15 хоног л үлдлээ. Энэ 15 хоногийг тэсчихвэл “Шинэ оны шинэ сарын мэнд. Энэ онд  бут авна” гэдэг сар үргэлжилнэ. Эрч хүч, итгэл найдвар давалгаалсан энэ сарыг тэсчихвэл “Хайрдаа баярлалаа. Гэнэтийн бэлэг байлаа” гэх бүсгүйчүүдийн постыг тэвчих сар залгана. Энэ сар ялангуяа ганц биечүүдийн тэсвэрлэх чадварыг их сорино.  

Арай гэж ард нь гараад, амсхийх гэтэл дээлтэй зурагны давалгааг тэсэх болно. Дээлтэй зурагны сарыг тэсээд гартал “Мартын 8”-ны бэлгэнд талархсан зургууд үргэлжилнэ. Тэсч, тэсч зунтай золгоход зуны зугаалгын зургууд эхэлнэ. Ингээд нэг л мэдэхэд намрын эморол, анхны цасны талаарх постуудыг тэсэх сар хаяанд ирчихнэ. Нэг тэсэлтээс нөгөө тэсэлтийн хооронд өрнөх “адал явдалт” амьдралдаа бид хайртайг яана. Даашинзтай зураг тэвчдэг сарын мэндийг бүх тэвчигч нартаа дэвшүүлье. Тэвчээд л байж дээ.