ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Жүгдэржав: 600 гаруй иргэн ДОХ-ын халдвартай байж болзошгүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-12-12

ДОХ болон бусад бэлгийн замын халдварт өвчний талаар ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны албаны дарга Б.Жүгдэржаваас тодрууллаа. 

-Бэлгийн замын халдварт өвчний тархалт, өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өгөөч?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцооллоор 2019 он гэхэд Монгол Улсад ДОХ-ын халдвартай 615 хүн амьдарч байх боломжтой гэсэн тоог гаргасан байдаг. Одоогоор үүний 281 тохиолдлыг илрүүлээд байна. Гэхдээ манай Улс Ази номхон далайн улс орнуудын дунд тархалтыг хамгийн бага түвшинд тогтоож чадаж байгаа орнуудын тоонд ордог. Бэлгийн замын халдварт өвчин бэлгийн идэвхтэй амьдралтай залуу хүмүүсийн дунд ихэвчлэн бүртгэгдэж байна. Ялангуяа 19-35 насны иргэдийн дунд өвчлөл хамгийн их байгаа юм. Тэр дундаа тэмбүүгийн өвчлөл хүн амын дунд их байна. Өнгөрсөн онтой харьцуулахад энэ онд тэмбүүгийн өвчлөл нэлээд нэмэгдсэн.

“Тэмбүүг устгая” уриатай хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны хүрээнд эрт илрүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулж байгаатай холбоотойгоор өвчлөлийн тоо нэмэгдсэн байх талтай. Халдвар авсан тохиолдлыг авч үзэхэд ихэвчлэн тохиолдлын бэлгийн хавьтлаас үүдэлтэй байдаг. Байнгын бэлгийн хавьтлаас ч халдвар авах тохиолдол бий. Бидний хамгийн их чухалчилж байгаа асуудал бол хавьтал судлалын үйл ажиллагаа. Хавьтагчийг илрүүлэх нь нийтийн дунд үзлэг хийснээс хэд дахин илүү үр дүнтэй, өртөг зардал багатай байдаг. Халдварын тархалтыг бууруулахад хамгийн чухал байдаг гэсэн үг. Тиймээс бид хавьтал судлалын чиглэлд анхаарч, эмч мэргэжилтнүүдээ чадавхижуулах ажлыг түлхүү зохион байгуулж байгаа. Хамгийн гол нь хавьтагчийг илрүүлж, хамтдаа эмчлүүлнэ гэдэг чухал болохыг ойлгуулах чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг идэвхжүүлсэн. 

-Тархалтыг бууруулах чиг­лэлээр зохион байгуулсан ажлууд хэр үр дүнд хүрэв? 

-Хавьтал судлалын үзүүлэлтийг жил болгон тайлагнадаг. Энэ нь хамгийн багадаа нэг хүний цаана нэг хүнийг илрүүлнэ гэсэн зорилттой байдаг. Бидний хувьд энэ зорилтод арай хүрч чадахгүй байгаа юм. Янз бүрийн шалтгаан байдаг учраас энэ зорилтод 100 хувь хүрнэ гэдэг нэлээд хэцүү.

-Манай улсад 600 гаруй иргэн ДОХ-ын халдвартай байж болзошгүй гэлээ. Эмчилгээгүй байсан энэ өвчнийг сүүлийн үед эмчилдэг болсон гэдэг. Ер нь бүрэн эмчлэгдэх үү?

-Бүрэн эмчлэгдэнэ гэж байхгүй. Гол нь өвчний вирусыг дарангуйлж, халдвар тараах боломжгүй болгох эмийн эмчилгээг хийдэг болсон юм. Өөрөөр хэлбэл, вирусын идэвхжлийг нь бууруулаад, дархлааг унагаахгүйгээр байлгадаг эмийн эмчилгээ юм. Дархлааны эс нь сайн байвал тухайн иргэн бусад хүнд тараахгүй байх боломжтой. Эмийн эмчилгээ нь хүний биед байгаа ХДХВ-ын гадна талаар бүрхүүл үүсгэж, унтаа байдалд оруулдаг гэж ойлгож болно. Тухайн өвчтөн  архи, тамхи гэх мэт эрсдэлт үйлдэл хийхгүй бол вирусыг унтаа байдалд барьж, бусад хүнд халдаахгүй байх боломжтой.   

-ХДХВ-ын шинж тэмдэг нь яаж илэрдэг юм бол?

-Бусад өвчнүүдийн адил тогтсон шинж тэмдэг гэж байдаггүй болохоор хамгийн аюултай. Гэхдээ ДОХ бол хүний дархлааны системийг устгадаг өвчин болохоор хамгийн түрүүнд дархлаа суларч, ядрах шинж тэмдэг илэрдэг. 

-Халдвартай эхээс халдвартай хүүхэд төрөх өндөр эрсдэлтэй гэдэг. Одоогоор төрөлхийн ХДХВ-ын халдвартай төрсөн хүүхэд бий юу?

-Байхгүй. ХДХВ-ын халдвартай 12 эхээс 25 хүүхэд өнөөдрийн байдлаар төрсөн. Эдгээр хүүх­дүүдээс ХДХВ-ын халдвартай хүүхэд байхгүй. Бүгд эрүүл төрсөн. Энэ нь тухайн эхийн вирусыг маш сайн дарангуйлж, эмчилгээ үр дүнтэй болсон гэсэн үг. 

-Халдварын ихэнх нь тохиолд­лын хавьтлаас үүдэлтэй байдаг гэлээ. Энэ нь хавьтагчийг илрүүлэх ажилд нөлөөлдөг байх?

-Нэг талаас бол тийм. Энэ нь хувь хүний бэлгийн амьдралын нууц шүү дээ. Үүнийг яаж эмч мэргэжилтнүүдэд нуухгүй хэлүүлдэг болох вэ гэдэгт эмч нараа бид сургадаг. Нөгөө талаас согтуу байсан зэрэг өвчтөн халдвар авсан бэлгийн хавьтагчаа үнэхээр мэдэхгүй байгаа тохиолдол ч байдаг.