УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг НПГ-аас яллагдагчаар татсан билээ. Харин эрхэм гишүүн үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдлээ. Чухам яагаад гэдгээ тайлбарлахаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Авлига, хүчин, хүн амины хэрэг гээд олон муухай хэрэгт нэр холбогдчихоод камерын өмнө таахалзан гарч ирж, өөрийгөө өмгөөлдөг “том”-чуудын жишгээр тэр ч бас өөрийгөө өмгөөлөв.
Ингэхдээ түүнийг яллагдагчаар татахдаа хуулийн хоёр өөр заалтыг андуурч, огт хамааралгүй асуудлыг хольж, хутган яллагдагчаар татах тогтоолыг үйлдсэн гэж мэдэгдлээ. Монголын хууль, хүчнийхнийг салбараар нь доромжиллоо. Түүний хэлж байгаагаар Монгол Улсын хуулийн байгууллага хуулиа мэдэхгүй, хольж хутгах хэмжээнд байгаа болж таарлаа. Камерын өмнө хэзээний эрдүү, дээрэнгүй, итгэл төгс байдаг эрхэм гишүүн энэ удаа харин сандарсан, барьц алдсан, учирласан байдалтай хүлцэнгүй байсан нь гайхмаар.
Гэхдээ энэ удаа ч баян тарганаар гайхуулахаа мартсангүй шүү. “Чадвал намайг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүл. Заавал улс төрд үйлээ үзэх шаардлага байхгүй. Амьдралын өөр гарц гаргалгаа бий гэдгийг та нар мэднэ” хэмээн даналзаж байх юм. Харин ХЭДС-гаас албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал үүсгэн зээл олгосон нь ЖДҮ-г бодвол гэмт хэрэг биш гэв. Түүнийг тойрсон хамгийн ноцтой асуудлуудын нэг болох талийгаач Г.Батхүү агсны хэрэгт холбоогүй хэмээн дахин, дахин учирлав.
“Ичсэн хүн хүн ална” гэдэгчлэн мэдээлэл хийж байхдаа хуулийн байгууллагуудын удирдлагууд руу залгаж, тэрүүхэн тэндээ “жүжиг” ч тоглоод амжлаа. Хүчин, зодоон, хүн амины хэрэг гээд түүний холбогдсон гэмт хэргүүд цөөнгүй. Гэвч яаж ийгээд л хэргийг хэрэгсэхгүй болгочихдог нь нууц биш. “Амташсан хэрээ 13 эргэнэ” гэдэг шиг энэ удаа ч дөнгөчихнө гэдэгтээ итгэлтэй байгаа бололтой. Гэвч түүний хэрээс хэтэрсэн “даам” байдал хэр удаан тэсэх нь цаг хугацааны асуудал биз.