Дэлхийд танигдаж хүн төрөлхтнийг шуугиулах хамгийн оновчтой болоод өртөг зардал бага, цаг зав хэмнэсэн арга бол түүхэн хүмүүсийн хойд дүрд өөрийгөө “тодруулах”. Дүрээ сонгож, өөрийгөө тодруулсан ч гэлээ бусдад хэрхэн таниулах вэ гэдэг санаа зовох асуудалгүй. Цахим орчинд овоо хэдэн дагагчтай байхад л болоод явчихна. Осоржамаа гэдэг залууг одоо танихгүй хүнгүй боллоо. Дэлгүүрүүд бараагаа рекламдуулж байна. Одоо лайв гэдэг сайхан юм бэлэн байна.
Хаад, хатдын хойд дүрүүд ядах юмгүй тодорч байна. Чингисийн онгоныг хэдэн зуун жил хайгаад ч олохгүй байгааг хэлэх үү, олох гэж зовохын ч хэрэггүй боллоо. Чингисийн хойд дүр хатан Бөртэтэйгөө тодорчихлоо. Харин саяхан цагдаа нар барьж аваад ачиж авч яваад хар гэрт хорьсон гэв үү. Хаан эзнээ танихгүй харц муусайн боолууд тэгж л таарна. Ингэхэд Бурхан багш, Исүс Христ, Ариун Мухамедийн хойд дүр Монголоос тодроход гайхах юмгүй.
Дэлхий дахинд, бөмбөрцгийн улсуудад эрхэм нэгнийх нь хойд дүр эндээс тодорно гэж сурталчилъя. Монголын алдартнууд бол ойлгомжтой. Зовох юмгүй тодорно. Зөвхөн дүрээ сайтар судалж, сонгоод, тухайн дүрдээ хамгийн сайнаараа хувирахад л болно. Бусдыг нь лайв зохицуулчихна. Харин бусдаас түрүүлж, гайгүй дүрээ амжиж сонгон тодрох л бидний гол анхаарах ёстой асуудал. Овсгоотой сэргэлэн зарим нь аль хэдийнэ хойд дүрд тодрох ажлаа эхэлчихсэн байна.
Монгол түмний бахархал, мянганы түүхэн хүн эзэн богд Чингисийн дүрийг аль хэдийнэ авчихсан байна билээ. Дүрээ тодруулаад, олонд таниулах ажлаа ч амжуулчихсан сууж байна. Одоо бүр улс орноо дахин шинэчлэн төвхнүүлэх ажилдаа ороод байгаагаа цэнхэр дэлгэцээр тунхаглаж байна билээ. Өүлэн эхийн хойд дүр ч тодорчихсон. Үе үе цахим орчинд биднийг загнаж сургаж байгаа харагддаг. Түүхэн дүрүүд бүгд эзэнтэй болох дөхөөд байна.
Ардын намынхан Сүх жанжныхаа, Бодоо, Данзангаа, сүсэгтэн олон Богд хааныхаа хойд дүрийг яаравчлан тодруулаарай. Монгол туургатны түүхэнд дүр мундахгүй ч нэр зүс сайтайг нь сэргэлэн лайвчид өмчилчихвөл яах болж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх гэж зовохын оронд дэлхийн топуудыг амьдаар нь Монголд ирж хараарай гэж рекламдахад юун Парисын лааны тосон баримал Луврын музей. Амьдаар нь харах гэж жуулчид шавах вий. Лааны тосоор хийсэн хиймэл одод биш махан биеэрээ, гэгээн дүрээрээ Наполеон Бонапарт, хатан хаан Элизабет, Мао Зэдун энэ биеэрээ Монголд “төрчихвөл” мөн сайхан аа.